Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн говь, хээрийн бүсийн байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон Сайнцагаан омгийн хонь, Олдохын хүрэн бор омгийн тэмээ, Өндөршил омгийн адуу нь нутгийн малын удмын санг хамгаалах, сүргийн чанар, ашиг шимийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Эдгээр омгийн малыг үржүүлж, бусад сумдын сүрэгт сайжруулагчаар ашиглах боломжтой юм.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 92 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/144 дүгээр тушаалаар малын төрөл, үүлдэр, омгоор үржүүлэх бүс, байршлыг тогтоосон байна. Үүний дагуу Дундговь аймагт дээрх гурван омгийн малыг үржүүлэг, селекцийн чиглэлээр ашиглах нөхцөл бүрджээ.
Тухайлбал, Өндөршил сумын адуунд 2013-2018 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид сонгон үржүүлгийн ажил хийж, 2019 онд омгоор баталгаажуулсан байна. Өндөршил омгийн адуу чийрэг бие бялдар, тэсвэр хатуужил, хурдлах чадвараараа онцлог. 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор тус сумын шилмэл адууны тоо 10 мянгад хүрч, үүнээс 1003 нь цөм сүрэг байжээ.
Хулд сумын Олдохын хүрэн бор тэмээг 2020 онд мах, ноосны чиглэлийн омгоор баталгаажуулжээ. Уг омог нь зуугаад жилийн түүхтэй Олдохын хийдийн торгон сүргээс уламжлан ирсэн бөгөөд тэмээний 60 гаруй хувь нь хүрэн бор зүстэй, бие томтой, бэлчээр ашиглах чадвар сайтайгаараа онцлог юм.
Судалгаагаар Олдохын хүрэн бор тэмээний махны ашиг шим монгол үүлдрийн тэмээнээс 68.8-163.8 кг-аар илүү байгааг тогтоосон бөгөөд нэг толгой тэмээнээс хүртэх нэмэлт орлогыг 67.3 мянган төгрөгөөр тооцжээ. Мөн 2022 онд омгийн тэмээний тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор 17 өсвөр буурыг 250 ингэнд ашигласан байна.
Харин Сайнцагаан омгийн хонийг 2019 онд баталгаажуулжээ. Хар, халзан толгойтой, цагаан зүстэй, чийрэг бие бялдартай уг омгийн хонь нь говь, хээрийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, мах, ноосны ашиг шим сайтай.
Тус омгийн хонийг 2019 оны хянан магадалгаагаар хамруулж, нийт 20 мянган толгойг үнэлсэн байна. Түүнчлэн 2022-2023 онд гурван хуцнаас 1236 тун үр авч, Малын удмын сангийн үндэсний төвд хадгалуулжээ. Мөн 2022 онд Сайнцагаан сумын Далай багийн гурван өрхийн 400 хонинд Сайнцагаан болон Суффолк үүлдрийн хуцны үрээр зохиомол хээлтүүлэг хийсэн байна.
Нутгийн омгийн малын ашиг шим, чанарыг хадгалж сайжруулахын тулд цөм сүргийг хамгаалах, үржлийн хээлтүүлэгчийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зохиомол хээлтүүлэг болон удмын санг хадгалах биотехнологийн аргыг өргөжүүлэх шаардлагатай. Ингэснээр малын үүлдэрлэг байдал, ашиг шимийг дээшлүүлж, малчдын орлого, өрхийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой юм.
Дундговь аймаг 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор 3.385 сая толгой мал тоолуулсны 45.4 мянга нь тэмээ, 158.3 мянга нь адуу, 1.61 сая нь хонь байжээ. Мал сүргийн бүтэц, нутгийн омгийн малын онцлогт тулгуурлан үржүүлгийн ажлыг өргөжүүлэх нь аймгийн мал аж ахуйн салбарын чанар, бүтээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.