Ачаалж байна…
Ачаалж байна…
Davaasuren Adiyasuren

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооноос төрийн албан хаагчдын үндэсний бичгийн унших, бичих чадварыг дээшлүүлэх, монгол хэл, бичгийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Төрийн дууллыг үндэсний бичгээр цэвэр, сайхан бичих” уралдаан зохион байгууллаа.
“Соёлын бүтээлч сар”, “Хамтран ажиллая-Харилцан дэмжье” аяны хүрээнд зохион байгуулсан тус уралдаанд төрийн албан хаагч оролцож, Монгол Улсын Төрийн дууллыг үндэсний бичгээр буулган, бичлэгийн зөв дүрэм, үсгийн хэлбэр, таталган бичих ур чадвар, цэвэр нямбай байдлаараа өрсөлдсөнөөс шилдгүүдийг шалгаруулан шагнаж урамшуулжээ.
Төрийн дуулал нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, эх оронч үзлийг илэрхийлсэн төрийн бэлгэ тэмдгийн нэг юм. Иймээс Төрийн дууллыг үндэсний бичгээр бичих нь төрийн бэлгэдлээ хүндэтгэн дээдлэх, эх хэл, бичиг соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхийн зэрэгцээ үндэсний бичгийн мэдлэг, чадвараа бодитоор сорих боломж бүрдүүлж буйгаараа онцлогтой.
Түүнчлэн тус уралдаан нь албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг сэргээн бататгах, зөв бичих дүрмийн хэрэглээг сайжруулах, үсэг холбох, үгийн хэлбэрийг зөв гаргах, бичгийн хэвийг жигд цэгцтэй болгох дадлыг хөгжүүлэхэд ач холбогдолтой. Оролцогчид нэгэн ижил агуулгатай бүтээл туурвиж, харилцан суралцах замаар үндэсний бичгийн талаарх мэдлэгээ баяжуулж, цаашид өдөр тутмын амьдрал, ажилдаа хэрэглэх сэдэл, идэвхийг нэмэгдүүлж байгаагаараа үр өгөөжтэй юм.
Мөн энэ үеэр Улсын тэргүүний гуравдугаар цэцэрлэгийн хамт олон угийн бичиг хөтлөх арга зүй, үндэсний бичгээр туурвисан бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, Сайнцагаан сумын ЗДТГ-ын албан хаагчдад туршлагаа танилцууллаа.
Тус цэцэрлэгийн хамт олон үндэсний бичгийг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол хэрэглэж, угийн бичиг хөтлөх ажлыг хэвшүүлсэн туршлагаа хуваалцсан нь үндэсний бичгийг амьд хэрэглээнд нэвтрүүлэх, гэр бүл, байгууллагын орчинд түгээн дэлгэрүүлэх боломжийг харуулснаараа онцлог байв.
Үндэсний бичиг бол монголчуудын олон зуун жилийн түүх, соёл, сэтгэлгээ, өв уламжлалыг хадгалсан оюуны үнэт өв юм. Тиймээс төрийн байгууллагын албан хаагчид үндэсний бичгээ эзэмшиж, хэрэглэж хэвших нь зөвхөн хувь хүний мэдлэг, чадварыг дээшлүүлэхээс гадна байгууллагын соёл, үндэсний дархлааг бэхжүүлэх, монгол бичгийн өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал хувь нэмэр оруулах юм.