Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрцэцэг Дээгий

Даланзадгал, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач Шарын Аюушийн гэрэл зураг, уран бүтээлийн холбогдолтой баримтаар хувийн хөмрөг бүрдүүлж, Өмнөговь аймгийн Төрийн архивт хүлээн авах ёслол өнөөдөр боллоо.
Тус хөмрөгт нийт 102 хадгаламжийн нэгж баримт багтаж байгаа бөгөөд гэрэл зураг 12, баярын бичиг 12, эскиз 6, концертын хөтөлбөрийн хувийн хэрэг 6, дууны партитур 25, бүжгийн хөгжмийн партитур 22, цөөхүүл хөгжмийн партитур 9, цөөхүүл дууны баримт 10 байна.
Ш.Аюуш нь Өмнөговь аймгийн соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийн нэг юм. Түүний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах хүрээнд хамтран ажиллаж байсан уран бүтээлчдийн дурсамж, дурдатгал, ярилцлагыг багтаасан цуврал контент бэлтгэн хүргэж байжээ.
Хувийн хөмрөгийг төрийн архивт төвлөрүүлснээр уран бүтээлчийн намтар, туурвисан бүтээлээс гадна тухайн цаг үеийн нийгэм, соёл, урлагийн хөгжилтэй холбоотой түүхэн баримтыг хадгалан үлдээх ач холбогдолтой юм.
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль болон холбогдох журмын дагуу хувийн гаралтай баримтыг хөмрөг үүсгэгчээр нь ангилан бүрдүүлж, бүртгэлжүүлэх нь архивын сан хөмрөгийг баяжуулах чухал чиглэл юм.
Ш.Аюушийн гэрэл зураг, уран бүтээлийн баримтыг архивын стандарт, шаардлагын дагуу хадгалж хамгаалснаар судалгаа, шинжилгээ, сургалт, сурталчилгаанд ашиглах боломж бүрдэхээс гадна Өмнөговь аймгийн соёл, урлагийн хөгжлийн түүхийг хойч үедээ баримтаар өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтойг аймгийн Архивын газраас онцоллоо.