Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

НЬЮ-ЙОРК, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /Forbes/. Хиймэл оюуны “Клод” (Claude) загварыг хөгжүүлэгч "Антропик" (Anthropic) компанийн хувьцааны ханш 9.4 хувиар унаж, 79.42 ам.долларт хүрснийг АНУ-ын “Насдак” (Nasdaq) биржийн арилжааны мэдээлэл харууллаа. Ингэснээр тус компанийн хувьцааны ханш IPO буюу хувьцаагаа анх удаа хөрөнгийн биржээр арилжсан үеийн 83 ам.долларын үнээс доошилж буурчээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хөрөнгийн биржид бүртгүүлж хувьцаагаа гаргаснаас хойш "Антропик" компанийн хувьцааны ханш ихээхэн хэлбэлзэлтэй байгааг “Блүүмберг” (Bloomberg) агентлаг онцолсон байна. Тодруулбал, 11 дүгээр сарын 19-ны арилжааны эхний өдөр тус компанийн хувьцааны ханш 39 шахам хувиар өсөж, 115 ам.долларт хүрч байсан бол харин одоо сүүлийн гурван арилжаа дараалан унаж байна.
Лхагва гарагт буюу 11 дүгээр сарын 23-ны арилжаагаар АНУ-ын технологийн бусад компанийн хувьцааны ханш огцом өссөн боловч "Антропик"-ийнх 87.64 ам.долларт хүрч, 1.4 хувиар буурсан байна. Тухайлбал, “Нвидиа” компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуаныг албан тушаалд нь эргүүлэн томилсны дараа “Эс-энд-Пи 500” (S&P 500), “Насдак 100” индексүүд дөрөвдүгээр сараас хойших хамгийн их хувиар буюу тус тус 4.7 болон 6.7 хувиар өсжээ.
"Антропик" компанийн IPO-г зохион байгуулсан банкууд нэмэлт хувьцаа гаргах эрхээ шууд ашигласанд зарим хөрөнгө оруулагч сэтгэл дундуур байгаа аж. Учир нь хувьцааны ханш IPO-гийнх нь үнээс доошилж унасан үед түүнийг дэмжихэд уг хэрэгслийг ашиглах боломжгүй болсон гэдгийг “Ингаллс энд Снайдер” (Ingalls & Snyder) компанийн стратегич Тим Грински дурджээ. Гэсэн хэдий ч арилжаачид үүнийг удахгүй мартаж, хувьцааны ханш цаашид хэрхэн хэлбэлзэхэд анхаарлаа хандуулна гэж тэрбээр үзэж байна. Хиймэл оюуны салбартай холбоотой активуудын эрэлт хэвээр байгаа тул "Антропик"-ийн хувьцаа огцом унахгүй болов уу гэж Т.Грински таамаглаж байгаа бөгөөд зарим хөрөнгө оруулагч үнийн уналтыг худалдан авалтын боломж гэж харна хэмээн хэлсэн байна.
"Антропик" компании түүхэн дэх хамгийн том IPO-г хийж, 81.3 тэрбум ам.доллар татан төвлөрүүлсэн юм. Мөн “Гүүгл” (Google), “Эй-Эм-Ди” (AMD), “Майкрософт” (Microsoft), "Нвидиа" (Nvidia) компаниуд оролцсон хаалттай арилжаагаар дахин 26 тэрбум ам.доллар босгожээ. Үүнийг оролцуулан тооцвол нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 107.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өмнө нь “Спейс-Экс” (SpaceX) компани опционуудыг оролцуулаад 86 тэрбум орчим ам.доллар босгож байсан юм. IPO хийсний дараа "Антропик"-ийн зах зээлийн үнэлгээ 1.5 их наяд ам.долларт хүрчээ.