Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагвасүрэн Отгонбаатар

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комисст ирж байгаа бүх өргөдөл, гомдол төрийн алба хаагчидтай холбоотой байдаг аж. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэх утгатай гомдлууд ирдэг байна. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын хариуг хэрхэн хэлэлцсэн шийдвэрлэснийг тухайн иргэнд хариу илгээж тайлбарыг хүргүүлдэг бол алба хаагч нь зөрчил гаргасан, эс гаргасан тухай мэдээллийг тухайн харьяалах байгууллагын удирдах албан тушаалтанд өгч ажилладаг.
Мөн нөгөө талаас төрийн алба хаагч ХЭҮК-т гомдол гаргадаг байна. Төрийн албан хаагчдын ирүүлж буй өргөдөл нь нийт гомдлын 20 орчим хувийг эзэлдэг. Агуулгаар нь авч үзвэл ажлын байрны дарамтад өртсөн, цалин хөлс, нийгмийн хамгаалал, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалтай холбоотой нь дийлэнх бол ажлын байрны бэлгийн дарамтын тухай цөөн тохиолдлын гомдол гаргадаг байна.
Үүнээс үзэхэд төрийн алба хаагч нь олон улсын гэрээ конвенцод заасны дагуу ажлын таатай нөхцөлөөр хангагдах, өөрийн амьжиргаанд хүрэлцэхүйц цалин хөлстэй байх нь төдийлөн сайн биш гэж дүгнэгддэг талаар ХЭҮК-ийн гишүүн хэлж байна.
Жил бүрийн илтгэл тайландаа ХЭҮК-оос төрийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдал, тэдгээрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах цалин, хөлс тэдний хууль ёсны гомдлыг хэрхэн хянан шийдвэрлэх талаар илтгэл, тайландаа тусгаж УИХ-д танилцуулгыг хүргүүлдэг. Үүний үр дүнд эерэг өөрчлөлтүүд гарч байгаа талаар мэдээлэв.
Иргэд төрийн алба хаагчдыг шүүмжлэх тэдгээрийн нэр төрд халдах, үндэслэлгүйгээр гутаах, доромжлох гомдол гаргах нь анхаарал татдаг.
Энэ нь нэг талдаа төрийн алба хаагч иргэнд үйлчлэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ, хууль ёсны ашиг сонирхлыг албан ёсоор сайн хамгаалдаг байдлыг үр нөлөөтэй ажиллуулах шаардлагатай гэдгийг төрийн албан хаагчдын зүгээс саналаар ирүүлдэг байна.
Түүнчлэн иргэдийн гаргаж буй гомдол, санал нь үндэслэлтэй байх албагүй, зарим тохиолдолд үндэслэлтэй байж болно. Үүнийг тухайн байгууллагын ёс зүйн хороо нь үндэслэлтэй, үндэслэлгүй гэдгийг дүгнээд олон нийтэд мэдээлж, байр сууриа илэрхийлэх ёстой гэдгийг ХЭҮК-оос зөвлөж байна.
Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч хүний эрхийг зөрчөөгүй эсрэгээрээ төрийн алба хаагч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсныхаа төлөө эрсдэлд орох магадлалтай аж.
Харин орон нутгаас жилд дунджаар 10-15 гомдол, өргөдөл ирдэг. Энэ нь шууд ХЭҮК болон орон нутаг дахь референтүүдээр дамждаг.
Дархан-Уул аймагтай холбоотой гомдол, саналыг авч үзвэл хүүхдийн сурч боловсрох эрх, ажлын байр, хөдөлмөрлөх эрх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гомдол ихэвчлэн ирдэг. Мөн нэг хүнээс болон нэг хүнд хаяглагдсан санаатай болон санаандгүй гомдлууд зонхилох тохиолдол бий.
Сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд иргэн газраа өмчилж авч адахгүй байгаа гомдлууд ирж байна. Төрийн байгууллага, албан тушаалтан, иргэдийн гомдол хүсэлтэд хариу өгөхгүй удаж буй талаар ч өргөдөл ирдэг талаар мэдээллээ.
ХЭҮК-оос ирсэн өргөдөл, гомдлыг авч хэлэлцэн тухай бүрд нь хариу мэдээлэл өгч ажилладаг байна.