Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Баруун-Урт, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Сүхбаатар аймагт ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Уулзалтад аймгийн Засаг дарга М.Идэрбат, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Хурцбаяр болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны төлөөлөл оролцов.
Энэ үеэр орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, нийгмийн оролцоо, хамгааллыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, бодлогын үр дүнгийн талаар мэдээлэл солилцож, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах чиглэлийн талаар ярилцлаа.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан өнгөрсөн жилийн уулзалтаар иргэдээс гаргасан зарим санал бодит ажил болж хэрэгжсэнийг онцлов. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвхөн халамжийн үйлчилгээ үзүүлэхээс гадна эрхийг нь хүндэтгэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх, бие даан амьдрах боломжийг бүрдүүлэхэд анхаарч буйг сайшаалаа.
Сүхбаатар аймаг жил бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөгөөн зохион байгуулж, тэндээс гарсан санал, санаачилгыг аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусган ажиллаж байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулах ажлыг 2027 онд эхлүүлэхээр төлөвлөжээ. Тус төвийг Орон нутгийн хөгжлийн сан болон олон улсын байгууллагын хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулах юм.
Түүнчлэн төрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаас дохионы хэлний хэлмэрч бэлтгэжээ. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, төрийн байгууллагын удирдлагуудад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, нийгмийн оролцоо, хүртээмжийн талаар мэдээлэл өгсөн байна.