Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын 50 жилийн ойг тохиолдуулан Орхон аймгийн удирдлагууд спортын салбарт өндөр амжилт гаргаж, аймгийнхаа нэрийг улс, тив, дэлхийд дуурсгасан тамирчин, дасгалжуулагчдыг хүлээн авч, хүндэтгэл илэрхийллээ.
Энэ удаа спортын төрөлжсөн сургалттай “Ирээдүйн одод” сургуулийн чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч, Монголын чөлөөт бөхийн холбооны шилдэг дасгалжуулагч Б.Идэрсайхан болон түүний шавь нарыг хүлээн авч уулзав.
Тус сургуулийн төгсөгч, Эрдэнэт хотод төрж өссөн Х.Болортуяа өнгөрсөн аравдугаар сард Казахстан улсад болсон “Астана-2026” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм.
Мөн “Ирээдүйн одод” сургуулийн төгсөгч, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Б.Бат-Эрдэнэ энэ жилийн улсын баяр наадмаар Монгол Улсын начин цол хүртжээ.
Ийнхүү нэг сургуулиас дэлхийн аваргын медальтан, улсын начин төрөн гарсан нь тэднийг бэлтгэсэн дасгалжуулагч, спортын төрөлжсөн сургуулийн сургалт, бэлтгэлийн үр дүнг харуулж байна.