Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг “Спортлог Сэлэнгэчүүд” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, багачуудын бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг дэмжих, спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Япон маягийн тийболын спортыг аймагтаа түгээн дэлгэрүүлэх сургалт зохион байгуулж байна.
Сургалтыг Монголын Тийболын Үндэсний Холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын биеийн тамирын багш нар хамрагдаж, тийболын спортын онцлог, дүрэм, тоглох арга барил, сургалтын арга зүйд суралцаж байна.
Тийбол нь хүүхэд, багачуудыг нас, бие бялдрын онцлогоос үл хамааран спортоор хичээллэх боломжийг бүрдүүлдэг, хөдөлгөөнд суурилсан багийн спорт юм. Энэ спорт нь зөвхөн бие бялдрыг хөгжүүлэхээс гадна хүүхдийн нийгэмших чадвар, төлөвшил, сэтгэн бодох чадварыг дэмждэгээрээ онцлогтой юм.
Тухайлбал, багаар ажиллах, бусадтайгаа хамтран шийдвэр гаргах, өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлах, манлайлах, бусдыг хүндэтгэх зэрэг эерэг хандлагыг төлөвшүүлэхийн зэрэгцээ нөхцөл байдлыг хурдан үнэлж, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлдэг байна.
Түүнчлэн хүүхдийн хөдөлгөөний дутагдлыг бууруулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, гар утас болон дэлгэцийн хэрэглээг багасгаж, идэвхтэй амьдралын хэв маягт хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэхүү сургалтаар дамжуулан бэлтгэгдсэн багш нар тийболын спортыг сургалтын үйл ажиллагаа болон хүүхдийн чөлөөт цагийн хөтөлбөрт нэвтрүүлснээр спортын шинэ төрлийг орон нутагт хөгжүүлэх, хүүхэд багачуудын спортоор хичээллэх сонголтыг нэмэгдүүлэх, улмаар эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.