Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

ЛОНДОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /The Financial Times/. Дизель түлшний үнийг бууруулах гэсэн АНУ-ын эрх баригчдын оролдлого ОХУ-д өнгөрсөн сард түлшний экспортоо хоёр дахин нэмэгдүүлэх боломж олгожээ. Гэвч Д.Трамп Оросын түлш, шатахуунд тавьсан хориг арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасны дараа эхлүүлсэн эдгээр нийлүүлэлтийн нэг нь ч АНУ-д хүрээгүй байна.
Их Британийн “Financial Times” сонинд “Kpler” судалгааны компанийн мэдээллээс эш татан пүрэв гарагт мэдээлснээр, өнгөрсөн сард ОХУ-аас гадаад зах зээлд өдөрт 271 мянган баррель дизель түлш нийлүүлсэн нь өмнөх сарын 135 мянган баррелиас хоёр дахин нэмэгджээ.
Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсоохыг шаардан АНУ-аас Украинд шахалт үзүүлсний дараа, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 10 дугаар сарын 9-нд В.Путинтэй АНУ болон бусад орны зах зээлд түлшний нийлүүлэлтийг “нэн даруй” нэмэгдүүлэхээр тохиролцсоноо мэдэгдсэний дараа экспорт нэмэгдсэн байна.
Украиныг дэмжигч талууд түлш тээвэрлэгч хөлөг онгоцуудыг ачаагаа хүргэхэд саад учруулахыг оролдож байгаагийн улмаас Оросын дизель түлшийг одоогоор АНУ-ын зах зээлд нийлүүлээгүй байгаа хэдий ч Бразил, Турк болон дэлхийн бусад бүс нутаг руу чиглэсэн Оросын экспорт өссөн байна. Үүнтэй холбогдуулан Цагаан ордны төлөөлөгч "FT" сонинд ярихдаа "Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн, энэ хэлцлийг бүх дэлхийн төлөө хийсэн. Энэ бол дэлхийн зах зээл дэх дизель түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, америкчууд болон дэлхий нийтийн хувьд үнийг бууруулахад чиглэсэн хэлцэл, тиймээс чухам тийм л зүйл болох болно" гэж мэдэгджээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт АНУ-ыг зорьж явсан хоёр ч хөлөг онгоц чиглэлээ өөрчилжээ. "AFP" агентлагийн мэдээлснээр, барууны орнуудын хоригт өртсөн өөр хоёр хөлөг онгоц Приморийн боомтоос АНУ-ыг чиглэн хөдөлсөн хэдий ч бас л замаа өөрчилсөн байна. 11 дүгээр сарын 13-ны байдлаар “Leruo” танкер Бразилыг зорьж байсан бол “Talisman” хөлөг онгоц Газар дундын тэнгисийн Египетийн бүс рүү чиглэжээ.
Оросын дизель түлшийг ачсан “Agioi Fanendes” хөлөг онгоц АНУ-ын эргийн ойролцоо 48 гаруй цагийн турш бараг хөдөлгөөнгүй байжээ. "AFP" агентлагийн мэдээлснээр, Мальтын далбаатай уг хөлөг онгоц 10 дугаар сарын 23-нд Санкт-Петербург хотын ойролцоох боомтоос 300 мянган баррель түлш ачин хөдөлсөн бөгөөд Нью-Йорк хотод хүрэхээр төлөвлөж байжээ.
Энэ сарын 10-ны шөнөөс эхлэн уг хөлөг онгоц цаашдын зааварчилгаа хүлээн Хойд Атлантын далайн олон улсын бүсэд маш бага хурдтайгаар зигзаг чиглэлээр маневр хийж эхэлжээ. Хөлөг онгоц АНУ-ын эдийн засгийн онцгой бүсээс 80 орчим км-ийн зайд байсан байна. Уг хөлөг онгоцыг эзэмшигч Грекийн "Eastmed" компани 11 дүгээр сарын 11-нд "AFP" агентлагт мэдэгдэхдээ, танкер хүрэх боомтынхоо талаарх "зааварчилгаа"-г хараахан аваагүй байгаа гэжээ. Мөн хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянах "Kpler" системд уг хөлөг онгоц ачаагаа Нью-Йоркт буулгах эсвэл Хойд Америк руу хүргэх бусад ачааны талаарх мэдээлэл харагдахаа больжээ.