Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D
jargald17@gmail.com

РОМ, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /TASS/. Оросын теннисчин Даниил Медведев Италийн Турин хотноо болж буй Мэргэжлийн теннисчдийн холбооны (ATP) улирлын хаалтын тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтод Италийн теннисчин Флавио Коболлиг хожлоо.
Тэрбээр өрсөлдөгчөө 7:6 (7:4), 6:3 харьцаагаар буулган авчээ.
Өдгөө 30 настай Д.Медведев ATP-ийн чансааны тавдугаарт эрэмбэлэгдэж байна. Тус холбооноос зохион байгуулдаг тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 25 удаа түрүүлсэн тэрбээр 2022 онд дэлхийн чансааг 16 долоо хоногийн турш тэргүүлж байв. Мөн 2021 онд ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан ATP-ийн цом, Дэвисийн цомын тэмцээнд тус тус түрүүлсэн юм. Д.Медведев "Их дуулга"-ын цуврал тэмцээний финалд зургаан удаа шалгарсан хэдий ч ганцхан удаа буюу 2021 оны АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлж байжээ. Түүнчлэн тэрбээр 2020 онд ATP-ийн улирлын хаалтын тэмцээний аварга болж байсан удаатай.
Харин өдгөө 24 настай Ф.Коболли дэлхийн чансааны зургаадугаар байрт бичигдэж байгаа бөгөөд ATP-ийн ганцаарчилсан төрөлд гурван удаа түрүүлжээ. Тэрбээр 2026 оны Францын нээлттэй тэмцээний финалд шалгарсан нь түүний хувьд "Их дуулга"-ын цуврал тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм. Түүнчлэн өмнөх улиралд Италийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Дэвисийн цомд түрүүлжээ.
Хатуу хучилттай талбайд болж буй энэхүү тэмцээн энэ сарын 22-нд дуусах бөгөөд ганцаарчилсан төрөлд улирлын хамгийн их оноо цуглуулсан шилдэг найман теннисчин өрсөлддөг. Сүүлийн хоёр удаагийн тэмцээнд Италийн теннисчин Янник Синнер түрүүлсэн. Харин энэ онд тэрбээр өвдөгний бэртлийн улмаас улирлыг хугацаанаас нь өмнө дуусгасан байна. ОХУ-ын теннисчдээс Николай Давыденко 2009 онд тус тэмцээнд түрүүлж байжээ.