Ачаалж байна…
Ачаалж байна…
Tuul Batsuuri
btlnmn@yahoo.com

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд 1954 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр албан ёсны дипломат харилцаа тогтоосон юм. Энэхүү найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нь олон арван жилийн баялаг түүх, харилцан итгэлцэл, хүнд сорилтыг хамтдаа туулсан эв санааны нэгдэл дээр бат бэх тогтсон онцлогтой билээ.
Дэлхийн II дайны дараа олон улсын харилцаанд үүссэн өөрчлөлт, колоничлолын эсрэг үндэсний эрх чөлөөний тэмцэл өрнөсөн цаг үед БНМАУ болон Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улс (БНАВУ) хооронд орчин цагийн дипломат харилцаа тогтоох үйл явц дараах дөрвөн үндсэн үе шатаар хэрэгжсэн юм.
Нэгдүгээр үе шат: Анхны санаачилга буюу Ерөнхийлөгч Хо Чи Миний уриалга (1950 он). Вьетнамын ард түмэн тусгаар тогтнолоо зарлан тунхагласны дараа 1950 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр БНАВУ-ын Ерөнхийлөгч Хо Чи Мин дэлхий дахины бүх улсын Засгийн газарт хандан түүхэн уриалга илгээсэн. Уг уриалгад БНАВУ-ын Засгийн газраас харилцан ашигтай байдлыг харгалзан, дэлхий дахинд найрамдлыг бататгах, ардчиллыг цогцлоох үүднээс Вьетнамын тэгш эрх, үндэсний болон нутаг дэвсгэрийн бүрэн эрхийг хүндэтгэх ямар ч Засгийн газартай дипломат харилцаа тогтооход бэлэн байгаагаа албан ёсоор мэдэгджээ.
Энэхүү уриалга нь Вьетнамын талаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоох анхны санал, санаачилга болсон юм. Уг саналыг хүлээн авч БНХАУ (1950 оны нэгдүгээр сарын 16), ЗСБНХОУ (1950 оны нэгдүгээр сарын 31), БНАСАУ (1950 оны хоёрдугаар сарын 11) болон Польш, Чехословак, Унгар, Румын, Болгар зэрэг социалист улсууд богино хугацаанд Вьетнамтай дипломат харилцаа тогтоосон нь манай улсын хувьд ч улс төрийн чухал үлгэр дуурайл, түлхэц болсон билээ.
Хоёрдугаар үе шат: Төрийн шийдвэр гаргах үйл явц, дипломат тандалт ба албан ёсны тунхаглал (1950–1954 он). Ерөнхийлөгч Хо Чи Мин 1950 онд И.В.Сталины 70 насны ойд зориулан Москвад айлчлах үеэр түүний гарын үсэгтэй тус уриалгыг Москва хотод сууж байсан Монголын Элчин сайдын яам хүлээн авсан нь хоёр улс харилцаа тогтоох хамгийн эхний алхам болсон юм. Тунхаглалыг Гадаад явдлын яамны сайд Н.Лхамсүрэн Намын төв хорооны Улс төрийн товчоо болон Засгийн газарт танилцуулж, улмаар дипломат харилцаа тогтоох улс төрийн шийдвэр гарчээ. Үүний дагуу 1951 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 43/253 тоот тогтоол гарч, БНАВУ-тай дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн билээ.
Гэвч энэхүү шийдвэр гарснаас хойш дипломат харилцааг бодитоор тунхаглах хүртэл хоёр жил гаруйн хугацаагаар хойшлогдсон. Үүний шалтгааны талаар эрдэмтэд, судлаачид хэд хэдэн хүчин зүйлийг дурддаг. Нэг талаас уг ноот бичгийн төслийг Ерөнхий сайд Х.Чойбалсан Зөвлөлтийн талд танилцуулсны дараа үл ойлгогдох шалтгаанаар хойшлогдсон гэж үздэг бөгөөд үүнд 1952 оны эхээр Х.Чойбалсан таалал төгссөн явдал, Гадаад явдлын яамны бүтэц, зохион байгуулалт, тухайн цагийн олон улсын нөхцөл байдал нөлөөлсөн байж болзошгүй гэсэн таамаглалууд бий.
Энэ хойшлогдсон хугацаанд хоёр орон Бээжин болон Москва дахь Элчин сайдын яамдаараа дамжуулан бие биеэ судлах, тандан танилцах ажлыг идэвхтэй өрнүүлж байв. Бэлтгэл хангагдсаны эцэст 1954 оны наймдугаар сарын 28-ны өдөр МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 43/252 тоот тогтоол гарган, БНАВУ-тай дипломат харилцаа байгуулах шийдвэрээ дахин баталгаажуулжээ.
Ийнхүү хоёр улс бие биеэ олон улсын эрх зүйн хувьд бүрэн хүлээн зөвшөөрч (de jure), 1954 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр БНМАУ болон БНАВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноо дэлхий нийтэд нэгэн зэрэг тунхаглан зарласан түүхтэй.
Гуравдугаар үе шат: Анхны элчин сайд нарыг томилж, итгэмжлэх жуух бичиг барьсан нь (1955 он). Дипломат харилцаа тогтоосны дараагийн алхам нь Элчин сайд нарыг харилцан томилж, итгэмжлэх жуух бичиг солилцох үйл явц байв. 1955 онд хоёр тал харилцан тохиролцсоны дагуу БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Б.Очирбат, БНАВУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Хоан Ван Хоан нарыг харилцан хавсран ажиллах Элчин сайдаар томилжээ. Тухайн цагт гадаад харилцааны нарийн эрх зүйн баримт бичиг бүрэн гараагүй байсан ч орчин цагийн дипломат эрх зүйн дэг жаяг, жуух бичиг барих ёслолыг өндөр түвшинд гүйцэтгэсэн байна.
Энэхүү үйл явдалд Ерөнхийлөгч Хо Чи Миний эгэл даруу, өвөрмөц зан чанарыг гэрчлэх түүхэн дурсамж үлджээ. 1955 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Монголын анхны Элчин сайд Б.Очирбат Ханой хотноо Ерөнхийлөгч Хо Чи Минд Итгэмжлэх жуух бичгээ гардуулсан юм. Элчин сайд Б.Очирбат дурсамждаа, Ерөнхийлөгч өөрийн унааг явуулан угтан авч, Засгийн газрын ордонд найрсгаар хүлээн авч уулзаж, энгийн тасалгаанд сууж ярилцсаны дараа "За одоо ёслолын ажиллагаандаа оръё. Та үүгээр, би үүгээр орно" гээд нэгэн заалны хоёр хаалгаар зэрэг орж Итгэмжлэх жуух бичиг барих ёслолыг үйлдсэн тухай тэмдэглэсэн байдаг. Ёслолд Вьетнамын Гадаад явдлын яамны сайд Фам Ван Дон байлцсан бөгөөд Хо Чи Мин хэлсэн үгэндээ хоёр орон энх тайван, ардчиллын төлөө нэг эгнээнд явж буйг тэмдэглээд, монголчуудын үзүүлж буй чин сэтгэлийн тусламжид талархал илэрхийлжээ.
Харин Вьетнамын талаас Элчин сайд Хоан Ван Хоан 1955 оны долоодугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаар хоёр орны дипломат төлөөлөгчид бүрэн эрхтэйгээр ажиллаж эхэлсэн юм.
Дөрөвдүгээр үе шат: Байнгын Элчин сайдын яамдыг нээж, харилцааг институцын хувьд бэхжүүлсэн нь (1956–1960 он). Харилцаа өргөжин тэлэхийн хэрээр хавсран суух хэлбэрээс байнгын үйл ажиллагаатай Элчин сайдын яам байгуулах бодит шаардлага урган гарсан юм. Ийнхүү хоёр улсад Элчин сайдын яамд үүдээ нээснээр дипломат харилцаа тогтоох олон үе шаттай түүхэн асуудал олон улсын эрх зүйн зарчмын дагуу бүрэн шийдэгдэж, байнгын институцын хэлбэрт баттай шилжсэн билээ.
Монгол-Вьетнамын харилцаа үүсэн төлөвшихөд тухайн цагийн олон улсын хүйтэн дайн, хоёр системийн сөргөлдөөн, Ялтын хэлэлцээрийн дараах ертөнцийн хуваагдал, Зүүн өмнөд Ази дахь колоничлолын эсрэг тэмцэл, ялангуяа Вьетнамын ард түмний эх орноо хамгаалах дайн ихээхэн нөлөө үзүүлсэн. Вьетнам улс үндэстнээ нэгтгэх, тусгаар тогтнолоо хамгаалахын тулд Франц, Америкийн цэрэгтэй 20 гаруй жил үргэлжилсэн хүнд хэцүү дайныг туулсан юм.
Энэ хүнд цаг үед БНМАУ-ын төр засаг, Монголын ард түмэн Вьетнамын ард түмний эрх чөлөөний тэмцлийг сэтгэл зүрхнээсээ дэмжиж ирсэн нь харилцааны нэгэн онцгой өнгө төрх болсон юм. Түүхэнд "Монголчуудын нөхөр ёсны тусламж" хэмээн тэмдэглэгдсэн энэхүү үйл хэрэг улс орон даяар өрнөж, сайн дурын нэгдсэн хөдөлгөөнөөр дамжуулан мал сүрэг, эд материалын болон улс төр-дипломат, хүмүүнлэгийн үлэмж тусламжийг үзүүлж байв. Энэ нь хоёр орны ард түмнийг эв санааны нэгдлээр гагнасан бат бөх үндэс болжээ.
Түүнчлэн 1954–1990 оны хооронд хоёр орон Марксист-Ленинист үзэл баримтлал, нийгмийн өмч, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, нам төвтэй улс төрийн тогтолцоогоор ижил байж, Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ)-ийн олон талт механизмаар дамжуулан худалдаа, соёл, боловсрол, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр нягт хамтран ажилласан билээ. Мөн манай улс 1961 онд, Вьетнам улс 1977 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-д тус тус элссэнээр олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж ирсэн.
1980-аад оны төгсгөл, 1990-ээд оны эхээр дэлхийн социалист систем задарснаар Монгол, Вьетнамын социалист хэв маягийн харилцаа үндсээрээ өөрчлөгдөж, шинэ орчин нөхцөлд шилжих шаардлага тулгарсан юм.
1990 оноос хойш Монгол Улс ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засгийг сонгож, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого баримтлах болсон бол Вьетнам Улс ч "Дой Мой" буюу Шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэн, эдийн засгаа үсрэнгүй хөгжүүлж, АСЕАН, АПЕК зэрэг бүс нутгийн хүчирхэг байгууллагуудын нөлөө бүхий гишүүн болж чадсан билээ. Хоёр орон улс төрийн хоёр өөр тогтолцоотой болсон ч бие биеийн тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, дотоод хэрэгт үл оролцох, бие даасан байдлыг эрхэмлэн хүндэтгэх зарчмыг тууштай баримталж, уламжлалт найрсаг харилцаагаа хадгалан хөгжүүлсээр ирсэн байна.
1954 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улс олон улсын байдлын хувьсал өөрчлөлт, дайны бэрхшээл, нийгмийн тогтолцооны шилжилтийн сорилтуудыг хамтдаа нэр төртэй туулж, Иж бүрэн түншлэлийн харилцаанд бүх салбарт амжилттай өргөжин хөгжсөөр байна.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн ЭШТА,
доктор (Ph.D), дэд профессор Б.Цэнгэллхам