Ачаалж байна…
Ачаалж байна…
Davaasuren Adiyasuren
d.adiya0122@gmail.com

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Хулд сумын Нэгдсэн эмнэлэгт БНСУ-ын Сөүл хотын Онцгой байдлын газраас хандивласан, эмнэлгийн зориулалтын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон хоёр автомашиныг хүлээлгэн өглөө. Нийт гурван автомашин хандивлахаар шийдвэрлэснээс хоёр нь ирсэн бөгөөд гурав дахь автомашин нэмж ирэхээр болжээ.
Дундговь аймгийн 15 сумаас одоогийн байдлаар есөн сумын эрүүл мэндийн байгууллага Эрүүл мэндийн яам болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн автомашинтай болсон байна. Түүнчлэн 2024 оноос хойш автомашины хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласны үр дүнд 2026 онд хоёр сум эмнэлгийн зориулалтын автомашинтай болсон байна.
Өмнө нь зориулалтын автомашингүй зарим сумын эрүүл мэндийн байгууллага хандив, тусламжаар ирсэн фургон болон жижиг оврын суудлын автомашинаар иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж, дуудлагад хүрдэг байв. Гэвч эдгээр автомашин нь өвчтөн тээвэрлэх, эмнэлгийн тусламжийг замд үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, орчин нөхцөлийг бүрэн хангадаггүй байжээ.
Дундговь аймгийн хувьд сум, баг хоорондын зай алслагдсан, хүн амын суурьшил сийрэг, говийн бүсийн зам, цаг уурын онцлогоос шалтгаалан эмнэлгийн яаралтай тусламжийг шуурхай хүргэхэд зориулалтын автомашины хүртээмж, техникийн бэлэн байдал чухал юм.
Шинээр хүлээлгэн өгсөн хоёр автомашин нь эмнэлгийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн хангамжийг сайжруулах, өвчтөнийг шаардлагатай эмнэлэгт хүргэх, тээвэрлэлтийн явцад эмнэлгийн тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, яаралтай тусламжийн үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болно.
Автомашинуудыг орон нутагт хүргэхтэй холбоотой тээвэрлэлт, гааль болон татварын зардлыг Дундговь аймгийн нутгийн захиргааны байгууллагаас шийдвэрлэжээ.
Энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжиж, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан “Go&Do” байгууллагын тэргүүн Пак Ү Хи, хамтын ажиллагааг холбон зуучилж, бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гаргасан орчуулагч Х.Ургамалцэцэг нарт талархал илэрхийллээ.
Олон улсын хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн дэмжлэгийн үр дүнд эмнэлгийн зориулалтын автомашины хангамжийг нэмэгдүүлж байгаа нь Дундговь аймгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.