Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг
ogoo_selenge@yahoo.com

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монголчуудын бичиг үсгийн соёл нь түүх, өв уламжлал, оюун санаа, гоо зүйн сэтгэлгээг үеэс үед уламжлуулсан үнэт өвийн нэг юм. Үүний тод илэрхийлэл болсон бийрийн бичиг буюу монгол уран бичлэг нь үндэсний бичгээ урлагийн түвшинд хөгжүүлсэн өвөрмөц уламжлал билээ.
Монгол уран бичлэг нь үсэг, зурлагыг бийрийн таталт, даралт, хэмнэл, зохицлоор урлагийн бүтээл болгон туурвидаг онцлогтой. Бийр, бэх, цаас, нийлүүрийг ашиглан үсэг бүрийн хэлбэр, зураасны уян налархай байдал, бэхний уусалтаар дамжуулан утга санаа, гоо сайхныг илэрхийлдэг.
Энэхүү өвөрмөц урлагийг ЮНЕСКО 2013 онд Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн нь түүний үнэ цэнэ, өвлөн уламжлуулах шаардлагыг олон улсад хүлээн зөвшөөрсөн үйл явдал болсон юм.
Бийрийн бичиг нь зөвхөн бичих ур чадвар бус, анхаарал төвлөрөл, тэвчээр, нямбай байдал, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх ач холбогдолтой. Ялангуяа хүүхэд, залууст өвлүүлэн сургах нь үндэсний бичгээ танин мэдэх, уламжлалаа хүндэтгэх, өв соёлоо үргэлжлүүлэх чухал арга юм.
Технологийн хөгжил эрчимжиж буй өнөө үед монгол уран бичлэгийн уламжлалыг хадгалан хамгаалж, сургалт, уран бүтээл, соёлын үйл ажиллагаагаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх нь үндэсний бичиг соёлын өвийг хойч үедээ өвлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.