Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан “Миний өдөр, Миний эрх, Миний ирээдүй” уриан дор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний 2027 оны тэргүүлэх чиглэлийг танилцуулж, ирэх онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэв.
Ирэх онд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг гурван үндсэн чиглэлээр эрчимжүүлэхээр төлөвлөжээ.
Нэгдүгээрт, цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн үр дүнг сайжруулна. 2026 оны аравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон үзлэгийг зохион байгуулж, нийт 284,610 хүүхдийг хамруулахаар төлөвлөснөөс 259,894 хүүхэд буюу 91 хувь нь үзлэгт хамрагдаж эхэлжээ. Үүнээс 240,073 хүүхэд буюу 84.5 хувь нь эмчийн үзлэгт бүрэн хамрагдсан байна.
Хоёрдугаарт, бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, хамгаалал, хөгжлийг цогцоор нь дэмжихэд анхаарна. Монгол Улсад 0-5 насны 390,156 хүүхэд байгаа нь нийт хүн амын 11.4 хувийг эзэлж байна. Хүүхдийн амьдралын эхний жилүүдэд бие бялдар, тархи, хэл яриа, танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, нийгэмшихүйн хөгжил эрчимтэй явагддаг тул энэ насанд үзүүлэх эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, хөгжлийн дэмжлэгийг онцгойлон авч үзэх шаардлагатайг салбарын сайд онцоллоо.
Энэ хүрээнд 2027-2030 онд бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлж, өсөлт, хөгжлийг тогтмол үнэлэх, хөгжлийн хоцрогдол, эрсдэлийг эрт илрүүлэх, зөв зохистой хооллолтыг дэмжих, эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэд асрах, хүмүүжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын уялдаа холбоог бэхжүүлж, хүүхэд бүрд хэрэгцээнд нь нийцсэн цогц дэмжлэг үзүүлэх юм.
Гуравдугаарт, хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, шаталсан тусламж, үйлчилгээний тогтолцоог бэхжүүлнэ. Сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, зан үйлийн өөрчлөлт, үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт зэрэг асуудал нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ чиглэлийн урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, сэтгэл зүйн дэмжлэгийг сайжруулах шаардлагатай байгааг танилцууллаа.
Тухайлбал, 13-17 насны сурагчдын гуравны нэг нь амиа хорлох бодолтой байсан, таван сурагч тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийхээр төлөвлөсөн бол амиа хорлох оролдлого хийсэн сурагчдын эзлэх хувь 15.8 байгааг дурдав. Түүнчлэн боловсролын салбарын 871 сургуулийн хэмжээнд 336 сэтгэл зүйч ажиллаж, ойролцоогоор 2,000 хүүхдэд нэг сэтгэл зүйч ногдож байна.
Иймд хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, үнэлэх, шаардлагатай мэргэжлийн тусламж, үйлчилгээнд шуурхай холбох, оношилгоо, эмчилгээ, сэтгэл зүйн дэмжлэг, сэргээн засах, давтан хяналтыг цогцоор нь хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн “Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих арга хэмжээний төлөвлөгөө 2027-2031”-ийг батлуулан хэрэгжүүлэх юм.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хүүхдийн эрүүл мэндийг зөвхөн өвчлөлөөр хязгаарлан авч үзэх бус, өсөлт хөгжил, хоол тэжээл, сэтгэл зүй, гэр бүл, боловсролын орчинтой нь уялдуулан цогцоор нь дэмжих шаардлагатайг онцоллоо.
Цаашид хүүхэд бүрд нас, хөгжлийн онцлог, хэрэгцээнд нь нийцсэн чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллах талаар ЭМЯ мэдээлэв.