Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ТОКИО, 2026 оны аравдугаар сарын 26 /NHK/. Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт гарсан түймэрт Японы харилцаа холбооны оператор KDDI компанийн охин компани холбогдсон асуудлаар тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү тайлбар хийлээ. Тэрбээр мэдэгдэхдээ, Монголын Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, түймэрт өртсөн бүс нутгийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
Энэ сарын 8-нд Монголын зүүн нутагт орших дархан цаазат газарт гарсан томоохон түймэр нь тухайн бүс нутагт харилцаа холбооны үйлчилгээ эрхэлдэг KDDI компанийн охин компанийн үйл ажиллагаатай холбоотой болох нь тогтоогдсон байна.
К.Минорү өнөө өглөө хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Японы Засгийн газар учирсан хохирлын хэмжээнд маш нухацтай хандаж байна. Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлье” гэж мэдэгджээ.
Түүнчлэн тэрбээр Монголын холбогдох байгууллагууд түймрийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгааг тэмдэглээд, мөн тухайн компани бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлснийг дурдсан байна. Мөн “Японы Засгийн газар түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэхийн тулд Монголын Засгийн газартай нягт хамтран ажиллах болно” гэж Кихара мэдэгджээ.