Ачаалж байна…
Ачаалж байна…
Нанзад Мөнхнаран

Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. УИХ-аас Монгол Улсын 2027 оны төсвийг баталснаар Булган аймагт ирэх онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд тодорхой боллоо.
Тус аймагт нийт 173.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 22 төсөл, хөрөнгө оруулалтын ажлыг улсын төсөвт баталснаас 2027 онд 79.5 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тусгажээ. Энэ нь Булган аймгийн сүүлийн 30 жилийн хугацаан дахь улсын төсвийн хамгийн өндөр хөрөнгө оруулалт болж байгаагаараа онцлог юм.
Хөрөнгө оруулалтыг эрүүл мэнд, боловсрол, соёл, авто зам, инженерийн дэд бүтцийн салбарт түлхүү чиглүүлжээ.
Тухайлбал, аймгийн төвд 37.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилга барихад ирэх онд 13.4 тэрбум төгрөг, 21.9 тэрбум төгрөгийн өртөгтэй Хөгжимт жүжгийн театрын шинэ барилгад 5.9 тэрбум төгрөг тус тус санхүүжүүлэхээр баталсан байна. Мөн Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөл, Бугат сумын 240 суудалтай Соёлын төвийн барилгын санхүүжилтийг шийдвэрлэжээ.
Боловсролын салбарт Сайхан, Баян-Агт суманд тус бүр 320 хүүхдийн сургууль, Баяннуур сумын сургуулийн 120 суудалтай өргөтгөл, Булган суманд 150 ортой VI цэцэрлэгийн барилга барихаар төлөвлөсөн байна. Түүнчлэн Булган сумын III сургуульд 110, Дашинчилэн суманд 150, Хангал суманд 50, Хялганат тосгонд 150 ортой сурагчдын дотуур байр барихад хөрөнгө төсөвлөжээ.
Авто замын салбарт Булган сумын 1, 2, 4, 5, 6 дугаар баг болон Хишиг-Өндөр, Баян-Агт сумын төвд нийт 11.3 км гаруй хатуу хучилттай авто зам тавих, шинэчлэхээр болсон байна. Харин Дашинчилэн, Рашаант сумын инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ажлыг санхүүжүүлэхээр тусгажээ.
Үүнээс гадна Булган суманд Цагдаагийн газрын барилга, Сэлэнгэ суманд Хилийн цэргийн 0286 дугаар ангийн хилийн салбарын барилгыг шинээр барина. Түүнчлэн Тэшиг сумын цөцгийн тос үйлдвэрлэх сүүний фермийн үлдэгдэл санхүүжилтийг бүрэн шийдвэрлэжээ.
Эдгээр хөрөнгө оруулалт Булган аймгийн 10 гаруй сумыг хамарч байгаа бөгөөд хэрэгжсэнээр иргэдийн эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээ авах нөхцөл сайжирч, зам, инженерийн дэд бүтцийн хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой юм.