Ачаалж байна…
Ачаалж байна…
Myagmarsuren Byambajaw

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар зарим байгууллага хууль тогтоомж зөрчсөн, удирдлагын хяналт хангалтгүй, бүтэц, орон тоог оновчтой тогтоогоогүй зэрэг зөрчил илэрч, засаглал, үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах шаардлагатай гэж дүгнэжээ.
Завхан аймаг дахь Төрийн аудитын газраас Үндэсний аудитын газрын нэгдсэн удирдамжийн дагуу 2026 оны гуравдугаар улиралд “Орон нутгийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн болон төрийн байгууллага хоорондын чиг үүргийн давхцал, үр нөлөө” сэдэвт аудитыг хийсэн байна.
Аудитад улсын бүртгэлд бүртгэлтэй орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой 10 аж ахуйн нэгжийг хамруулж, төрийн бодлогын хэрэгжилт, байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагааны үр нөлөө, удирдлагын хариуцлага, бүтэц, орон тооны оновчтой байдлыг үнэлжээ.
Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хүрээнд орон нутгийн өмчит зургаан аж ахуйн нэгж шинээр байгуулж, хоёр аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулсан байна. Гэвч 2012 онд байгуулагдсан “Шинэ зуун хишиг хороолол” ОНӨААТҮГ өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй нь байгууллага байгуулах хэрэгцээ шаардлага, үр ашгийг дахин үнэлэх шаардлагатайг харуулжээ.
Мөн хоёр байгууллагыг үүсгэн байгуулахдаа хууль тогтоомж зөрчсөн, нэг байгууллагын дүрмийг шинэчлэн батлаагүй, холбогдох хууль тогтоомжид нийцүүлээгүй зөрчил илэрсэн байна.
Түүнчлэн аймаг, сумын ИТХ болон Засаг даргаас орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг уялдуулсан нэгдсэн бодлого боловсруулаагүйгээс гадна төлөөлөн удирдах зөвлөлүүд стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө батлах, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байна.
Зарим байгууллагын бүтэц, орон тоог судалгаа, тооцоонд үндэслэлгүй тогтоосноос захиргааны чиг үүргийн давхардал үүсэж, үндсэн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд эрсдэл бий болжээ. Тухайлбал, “Баруун бүсийн тамирчдыг олимпд бэлтгэх төв” болон “Очир-Илч” ХХК-ийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж буй ажилтнууд нийт ажилтны 38–40 хувийг эзэлж байгаа нь хүний нөөцийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох шаардлагатайг харуулж байна.
Аудитын дүгнэлтэд үндэслэн аймгийн ИТХ-д “Улиастай хот тохижилт үйлчилгээний алба” ОНӨТҮГ-ын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх, “Амь-Ус” ХХК болон “Очир-Илч” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийг Компанийн тухай хуулийн шаардлагад нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах зөвлөмж өгчээ.
Мөн аймгийн Засаг даргад орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн чиг үүрэг, үйл ажиллагаа, үр ашигт судалгаа хийж, зах зээлийн өнөөгийн нөхцөл болон цаашдын үр дагаврыг тооцсоны үндсэн дээр өөрчлөн байгуулах, шаардлагатай тохиолдолд татан буулгах асуудлыг нэгдсэн бодлогоор шийдвэрлэхийг зөвлөсөн байна.
Ингэхдээ 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль”-ийн хүрээнд зохион байгуулах шаардлагатайг онцолжээ.
Орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд нь орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа хэдий ч цаашид үйл ажиллагааны үр өгөөж, удирдлагын хариуцлага, засаглалын тогтолцоог сайжруулах шаардлагатай гэж дүгнэсэн талаар Завхан аймаг дахь Төрийн аудитын газраас мэдээллээ.
Аудитын дэлгэрэнгүй тайланг audit.mn сайтаас үзэх боломжтой.