Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Эмэгтэйчүүд, шинжлэх ухаан, судалгааны яам болон Австрийн Боловсрол, олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран хэрэгжүүлдэг Эрнст Махын тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл хүлээн авч байна.
Тус хөтөлбөр нь докторын хөтөлбөрт суралцагч, докторын зэрэг горилогч, докторын зэрэг хамгаалсан судлаач болон постдок судлаачдад Австри Улсад 1-9 сарын хугацаанд судалгаа хийх боломж олгоно. Тэтгэлэгт байгалийн, техникийн, анагаах ухаан, хөдөө аж ахуй, нийгмийн болон хүмүүнлэгийн ухаан, урлагийн чиглэлээр хамрагдах боломжтой.
Шалгарсан оролцогчид сар бүр 1,300 еврогийн тэтгэлэг авах бөгөөд Австри Улс руу зорчих замын зардалд 1,200 евро хүртэлх дэмжлэг үзүүлэх боломжтой. Өргөдөл гаргагч нь 35 хүртэлх насны, Австри Улсаас бусад улсад суралцаж, судалгаа хийж буй байх зэрэг шаардлагыг хангасан байна. Мөн англи болон/эсхүл герман хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.
Өргөдөл хүлээн авах хугацаа 12 дугаар сарын 1-нийг хүртэл бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийг https://grants.at/en/ цахим хуудсаар авах боломжтой.