Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 21 /DW/. Алдартай Grand Theft Auto (GTA) видео тоглоомын цувралын өмнөх хувилбар гарснаас хойш 13 жилийн дараа худалдаанд гарсан цувралын зургаа дахь шинэ хэсэг нь дэлхийн тоглоомын салбарт дээд амжилт тогтоолоо.
Тоглоомыг хөгжүүлэгч Америкийн Rockstar Games компани өчигдөр орой мэдээлснээр, GTA VI тоглоомыг худалдаанд гаргасан эхний өдөрт тус компани 3.79 тэрбум ам.долларын (3.45 тэрбум евро) борлуулалтын орлого олсон байна.
Тоглоом худалдаанд гарах үед ойролцоогоор 32.5 сая урьдчилсан захиалга хийгдээд байв. Эхний 24 цагийн хугацаан дахь нийт борлуулалтын хэмжээ нь видео тоглоомын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлттэй байсан бөгөөд цувралын өмнөх хувилбарын амжилтаас хол давжээ. Rockstar Games-ийн ерөнхийлөгч бөгөөд үүсгэн байгуулагч Сэм Хаузер хэлэхдээ "Дэлхийн өнцөг булан бүрд байгаа тоглогчдын хийж буй хариу үйлдэл бидний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөлөө. Энэхүү мөчийг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа бид туйлын их баяртай байна" гэв. Компьютерт зориулсан уг тоглоомын хувилбарыг албан ёсоор худалдаанд гаргах товыг удахгүй зарлах ажээ.
Энэхүү шинэ хувилбар нь 2013 онд гарсан GTA V-ийн амжилтыг эрс давж гарлаа. Тухайн үед GTA V нь худалдаанд гарсан эхний гурав хоногтоо компанид ойролцоогоор 1 тэрбум долларын орлого авчирсан нь тухайн цаг үедээ дээд амжилт байв. Улмаар GTA V нь түүхэн дэх хамгийн их борлуулалттай видео тоглоомуудын нэг болсон бөгөөд Take-Two Interactive компанийн мэдээлснээр, дэлхий даяар хувилан борлуулсан Grand Theft Auto цувралын 470 сая гаруй ширхэг тоглоомын 230 сая гаруй нь GTA V юм.
PlayStation платформын статистик мэдээлэл нь уг тоглоомын эрэлт хэрэгцээ маш өндөр байгааг дахин нотоллоо. Тус компани өмнө нь мэдэгдсэнээр, GTA VI нь PlayStation Store-ын түүхэн дэх хамгийн олон урьдчилсан захиалга авсан тоглоом болжээ. Хүлээлт урьд өмнө үзэгдээгүй өндөр түвшинд хүрсэн тул тоглоомыг албан ёсоор худалдаанд гаргахаас есөн хоногийн өмнө татаж авах зөвшөөрлийг консол эзэмшигчдэд олгосон байна. Энэхүү шийдвэр нь нээлтийн өдөр серверт хэт ачаалал үүсэхээс сэргийлэх зорилготой юм.
GTA бол тоглогч дүр удирдан, даалгавар биелүүлж, тээврийн хэрэгсэл жолоодож, буудалцаанд оролцон, аюултай ертөнцөд өөрийн замналыг бүтээдэг, гэмт хэргийн сэдэвтэй экшн тоглоом юм. Үйл явдал Майами хотын зохиомол хувилбар болох Вайс Сити болон түүнийг хүрээлж буй Леонида муж улсад өрнөнө.
Гол дүрүүд нь Люсия Каминос, Жейсон Дювал нар бөгөөд тэд гэмт хэргийн ертөнцөд хөл тавьж, амьдралаа бүрмөсөн өөрчлөхөөр оролдож буйг өгүүлнэ. Албан мэдээнд дурдсанаар, хөгжүүлэгчид цувралын онцлог шинжүүд болох дээрэм, өндөр хурдтай хөөцөлдөж буй зэргийг хэвээр хадгалсан бол шүүмжлэгчдийн үзэж байгаагаар, энэхүү зургаа дахь цувралд дүрүүдийн хоорондын харилцаа, тэдний хувь хүний хөгжилд илүүтэй анхаарал хандуулжээ.
GTA VI-гийн амжилт нь дэлхийд хамгийн ихээр танигдсан зугаа цэнгэлийн салбарын брэндүүдийн нэг болтлоо өргөжсөн энэхүү цувралыг хүмүүс асар ихээр сонирхож буйг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ.