Ачаалж байна…
Ачаалж байна…
Нанзад Мөнхнаран

Булган. 2026 оны арваннэгдүгээр сарын 21. /МОНЦАМЭ/ Монголын Залуучуудын Холбооны 105 жилийн ойг тохиолдуулан 24 дэх жилдээ зохион байгуулсан “Цагаан уул–2026” хайрын шүлгийн наадмын гуравдугаар байрт Булган аймгийн Орхон сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Э.Хишигсүрэн шалгарлаа.
Энэ сарын 1-10-ны өдрүүдэд 16–35 насны залуу уран бүтээлчдийн дунд бүтээл хүлээн авах эхний шатны шалгаруулалтыг явуулсан бөгөөд нийт 109 яруу найрагч оролцсоноос шилдэг 13 найрагч хоёрдугаар шатанд шалгарсан юм. Улмаар наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт 11 дүгээр сарын 20-ны өдөр МҮОНРТ-ийн “Студи 600”-д болж, шилдэг таван байрын эздийг тодруулав. Наадмын тэргүүн байрыг залуу яруу найрагч С.Батзориг эзэлсэн бол дэд байрт И.Энхмөрөн, гуравдугаар байрт Э.Хишигсүрэн, дөрөвдүгээр байрт Ж.Эдмон, тавдугаар байрт У.Энхбаяр нар тус тус шалгарлаа.
Залуу яруу найрагч Э.Хишигсүрэн нь бага наснаасаа шүлэг найрагт дурлаж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа “Болор үзэг” яруу найргийн бүлгэмийг санаачилж, “Шүлгэн шувуухай”, “Бодлын шувуухай” яруу найргийн эмхэтгэл, “Сэтгэлийн шувуухай” авангард зургийн үзэсгэлэн гаргажээ. Мөн сумынхаа мэдээ, мэдээллийг архивлах зорилгоор “Нутгийн анир” сэтгүүлийг санаачлан хэрэгжүүлж байв. Дотоод, гадаадын 30 гаруй ном, сонин, сэтгүүл, антологид уран бүтээлээ хэвлүүлсэн тэрээр Орхон аймгийн “Гүн утга” уран бүтээлийн нэгдэлд харьяалагддаг бөгөөд “Онон хатан ижий”, “Утгын чинадад хүрэхүй”, “Оюухай”, “Хөх цом”, “Соёмбо” зэрэг наадмын цом, айргийн шагналыг хүртэж байжээ. Түүнчлэн хайрын шүлгийн “Цагаан уул” наадмыг 21 аймаг тус бүрд зохион байгуулахад Орхон аймгийн наадамд түрүүлж байсан юм.
Гутгаар байрын шагнал хүртсэн яруу найрагч Э.Хишигсүрэн сэтгэгдлээ хуваалцахдаа, “Хамгийн хайртай наадамдаа гурвантаа оролцож, энэ удаа гутгаар байрт шалгарлаа. Нийгмийн сэтгэлгээний бараан талууд нэгэнтээ бидний бүтээлд тусаж, салалт, үхэл, хагацал зэрэг үгс хаалтгүйгээр мөр, бадагт байраа олсныг анзаарлаа. Гэгээн байх сан, гэрэлтэй шүлэг үлдээгээд одох сон гэж бодогдож байна. Мөн нэгэн агаарыг амьсгалж агсан ч нэгэнтээ орхин одсон нэрт яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Л.Ганзул ах нар минь эрхгүй бодогдлоо. Цаг цагтаа, үе үедээ үгийн уран дархан байх хэн ч оноогоогүй үүргийг биелүүлж яваа ах нар, найз нараараа бахархаж байна” хэмээлээ.
Тус наадмын ерөнхий шүүгчээр орчуулагч, яруу найрагч, Монголын Зохиолчдын Эвлэлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр ажилласан бол шүүгчдийн бүрэлдэхүүнд утга зохиол судлаач, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Х.Чойдогжамц, зураач, яруу найрагч, “Болор цом”-ын эзэн М.Амархүү, яруу найрагч, “Болор цом”-ын эзэн С.Начин, Монголын Залуучуудын Холбооны Соёл урлагийн байнгын хорооны дарга Б.Түмэнжаргал нар багтжээ.
“Болор цом”-ын босго наадам ч гэгддэг хайрын шүлгийн "Цагаан уул" наадмыг залуу уран бүтээлч, яруу найрагчдыг дэмжих, хайр сэтгэлийн уянгын бүтээлийг олон нийтэд түгээх, монгол хэлний яруу сайхныг өвлүүлэх зорилготой анх 1991 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж, анхны түрүүг сэтгүүлч Ц.Оюундарь хүртэж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд тус наадмаас А.Эрдэнэ-Очир, Л.Өлзийтөгс, Г.Мөнхцэцэг, Г.Аюурзана, Ю.Болдхуяг, Л.Моломжамц, Д.Оюундэлгэр, Л.Ганзул зэрэг орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгчид төрөн гарчээ.
Залуу яруу найрагч Э.Хишигсүрэнгийн нэргүй шүлгүүд хайр сэтгэл цаг хугацааны урсгал хийгээд түүнээс авч үлдэх хамгийн чухал өв хөрөнгө нь бусдын зовлон шаналлын шалтгаан биш байх тухай онцлон туурвисан бөгөөд түүний шийдвэрлэх шатанд уншсан шүлгийг хүргэж байна.
Усанд тоглох дуртай жижигхэн охин байлаа
Усаар байлдах дуртай багахан охин байлаа
Усыг тольдох дуртай танхил охин байлаа
Усанд очих завгүй “өчүүхэн эмэгтэй” болов
Сүүдэр тусахгүй, урсгал сөрөхгүй
Сүүмэн гэрэлгүй галзуурам тод амьдралыг бүгд хүсдэг ч
Сүүдэр шиг нөхөр, урсгал шиг утга үгүйг би мэднэ!
Амьдралд хайртай гэдэг ч үхлийн тухай илүүтэй сонирхдог хүмүүсийн дунд
Алагчлалгүй амьдаръя гэдэг ч үхмээр санагдуулдаг хүмүүсийн дунд
Инээмсэглэлийг минь үзэх гэж, гунигийг минь үлдэх гэж, нүдийг минь ширтэх гэж
Ирж буй урин шиг, хувь төөрөг шиг, усгал ус шиг-Чи байдаг!
Чи байдаг болохоор-Би байдаг!
Үлгэр яриулах дуртай жижигхэн охин байлаа
Үлгэр унших дуртай багахан охин байлаа
Үлгэр мөрөөдөх дуртай танхил охин байлаа
Үлгэр хэлэх дургүй "өчүүхэн ээж" болов
Бусдыг зовоосноос өөрөө шархлах амархан санагддаг
Бурханд итгэдэг өвөөгийн минь хамгийн том өв энэ
Өрөөлийг элээснээс өөрөө эмтрэх хямдхан бодогддог
Өвөөг минь өвчсөн ээжийн минь өмчилж өгсөн гэрээслэл энэ
Өвдөлт, зөвтгөл хоёрыг өрцнөөс минь шувуу адил нисгээд
Өөрөг бүдэг орчлонгийн цаг хугацааны тэг зогсолтоос
Өөрсөд рүүгээ шунгасан хос хараацай байгаасай
Өлмийн сүүдэр тусахгүй өндрийн цагаан уул цэцэгс байгаасай...