Ачаалж байна…
Ачаалж байна…
Мөнхзул Батбаяр
zulaka7089@gmail.com

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, орон нутгийн оролцоо, салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Хүүхдийг ивээх сангийн төслийн зохицуулагч Ч.Пүрэв-Очироор ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт ажиллаж байна.
Ажлын багийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга Э.Энхбат холбогдох удирдах бүрэлдэхүүний хамт өнөөдөр хүлээн авч уулзан, орон нутгуудаас Баянхонгор аймгийг сонгон нийгмийн салбарт эерэг үр нөлөөг бий болгон, орон нутгийн оролцоог ханган төслийг хэрэгжүүлж буй талуудад талархал илэрхийлэв.
"Тэгш хүртээмжтэй цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төсөл Баянхонгор аймагт 2024 оны дөрөвдүгээр сараас гурав дахь жилдээ хэрэгжиж буй бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвүүд, цэцэрлэгүүдийн тогтолцоог сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын комиссын чадавхыг бэхжүүлэх, тусгай хэрэгцээтэй хүүхдийг бага сургуульд дэвшин суралцахад дэмжлэг үзүүлэх, эцэг эхчүүд болон орон нутгийн ойлголтыг нэмэгдүүлэх, бодлогын нөлөөлөл үзүүлэх зорилготой юм. Энэхүү төсөл Баянхонгор аймгийн Энхбүрд, Оточмандал Өрхийн эрүүл мэндийн төв, Баян-ойт, 16 дугаар цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн хөгжлийн төв байгуулан, багш ажилчдын чадавхжуулах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Төслийн хэрэгжилтийн туршлага судлах бүрэлдэхүүнд Боловсролын яам, ГБХНХЯ, Чингэлтэй, Баянгол, Сонгино хайрхан зэрэг дүүргүүдийн холбогдох төлөөлөл багтжээ. Ажлын баг өнөөдөр Эрдэнэцогт сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, үргэлжлүүлэн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, сумдын 0-85 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг оролцуулан кэйс хэлэлцүүлэг зохион байгуулан, эцэг эхчүүдийн дунд сургалт явуулах юм.