Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Би багадаа жимсэнд их дуртай хүүхэд байлаа. Том болоод төрөл бүрийн жимс тарина даа гэж мөрөөддөг байсан минь өнөөдөр биелжээ. Дорноговийн Улаанбадрахад төрж өссөн би Увс нутагт ирээд 10 гаруй жил болж байна. Энд л хүүхэд насны мөрөөдлөө ажил мэргэжилтэйгээ холбож, жимс жимсгэнэ ургуулж сууна.
ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгссөнөөс хойш ургамал, түүний үр шимийг судлах болсон. Миний хариуцдаг 1.2 га талбайд алим, чавга, үхрийн нүд, гүзээлзгэнэ зэрэг олон төрлийн жимс ургадаг. Сүүлийн жилүүдэд чавганы суулгацыг хэд хэдэн аргаар үржүүлэн туршиж байгаа. Судалгаагаа амжилттай үргэлжлүүлж, цаашдаа Улаангомд чавганы суулгац нийлүүлдэг болохыг хүсдэг.
Жимс ургуулахад тэвчээр хэрэгтэй. Суулгац бүрийг арчилж, цэцэглэхийг нь хүлээж, ургалтыг нь ажиглана. Заримдаа байгаль цаг агаар хүссэнээр байдаггүй ч ургамал бүрээс суралцах зүйл бий. Тиймээс би чавганы суулгац үржүүлгийг судалгааныхаа чиглэл болгон ажиллаж байна.
Багадаа жимс идэх дуртай байсан бол одоо өөрөө ургуулж, нутагтаа нутагшуулахыг зорьж явна. Чавга тарих мөрөөдөл минь биелсэн ч гүзээлзгэнэ, өөр олон төрлийн жимс туршиж үзэх хүсэл минь хэвээрээ.
Хүний мөрөөдөл ургац шиг юм билээ. Нэгийг нь ургуулж амжихаар дараагийнхыг тарих хүсэл төрнө. Миний хувьд тэр хүсэл минь Увсын хөрсөнд үндэслэж, жимс бүртэй хамт ургаж байна.
Эрдэм шинжилгээний ажилтан Г.Ганчимэг