Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B
oyundelger4578@gmail.com

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 17. /МОНЦАМЭ/ Уур амьсгалын өөрчлөлт хүний эрхэд хэрхэн нөлөөлж байгааг хууль зүй, антрополог талаас нь судалжээ.
Судалгааны дүнд уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлөөд зогсохгүй ундны усаар хангах, шим тэжээлтэй хүнс хэрэглэх, зорчих, оршин суух газраа сонгох зэрэг эрхэд шууд, шууд бусаар нөлөөлж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл малчдын өдөр тутмын амьдрал, мал аж ахуй, амьжиргаанд хэдийнээ бодитоор илэрч эхэлснийг ХЭҮК-оос зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн хүний эрхэд үзүүлэх нөлөө, үр дагавар” судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийн үеэр тэмдэглэлээ.
Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн малчдын ахуй амьдрал, хүний эрхэд тулгарч буй асуудал, тэдгээрийн үр дагаврын талаар судалгааны дүнг хэлэлцэж, санал солилцсон юм.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн доктор Д.Баяр “Уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх, малчид: Хууль зүйн өнцгөөс”, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн багш, докторант Г.Мөнх-Эрдэнэ “Уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх, малчид: Антропологийн өнцгөөс” илтгэл тавьжээ.
Оролцогчдын санал, судалгааны урьдчилсан үр дүнд үндэслэн цаашид анхаарах асуудлыг нэгтгэн дүгнэж, судалгааны баг эдгээр санал, зөвлөмжийг эцсийн тайланд тусгана. ХЭҮК үүнийг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2027 оны илтгэлд тусгаж, уур амьсгалын өөрчлөлтөд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, холбогдох бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарах юм.