Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Арц суурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто зам болон 100 ортой цэцэрлэгийн барилгын ажлын явцтай УИХ-ын гишүүн Б.Түвшин танилцаж, бүтээн байгуулалтын явц, тулгамдсан асуудлын талаар холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцсон талаар түүний ажлын албанаас мэдээллээ.
Нөмрөг–Улаангом чиглэлийн А18 дугаартай улсын чанартай авто замаас Арц суурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын төслийн Түдэвтэй сумын эхлэл хэсэгт газар шорооны ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Гүйцэтгэгч байгууллага 50 ажилтан, 38 нэгж машин механизмтайгаар далангийн суурь, газар шорооны ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц хэвийн үргэлжилж байна.
Энэхүү төсөл нь Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Боомтын сэргэлт" үндэсний бодлогын хүрээнд хэрэгжиж буй дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын нэг юм. Авто зам ашиглалтад орсноор Арц суурь хилийн боомт улсын авто замын сүлжээнд холбогдож, хил орчмын худалдаа, ачаа тээврийн урсгал, баруун бүсийн эдийн засгийн идэвхжил нэмэгдэхийн зэрэгцээ экспорт, ложистикийн боломж өргөжих ач холбогдолтой гэж салбарын байгууллагууд үзэж байна.
Арц суурь боомт нь Монгол, ОХУ-ыг холбодог баруун хойд бүсийн стратегийн ач холбогдолтой боомтуудын нэг бөгөөд хатуу хучилттай авто замтай болсноор жилийн дөрвөн улиралд тогтвортой зорчих нөхцөл бүрдэж, хил дамнасан ачаа тээврийн найдвартай байдал сайжрах юм.
УИХ-ын гишүүн Б.Түвшин мөн Түдэвтэй суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа. Тус барилгын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2026 онд ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компани ажиллаж байна.
Харин барилгын зураг төсөлд гадна дулааны шугам сүлжээний зардал тусгагдаагүйгээс шугам холбох ажилд ойролцоогоор 500 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа талаар холбогдох албаныхан танилцуулжээ. Уг асуудлыг орон нутгийн төсвийн эх үүсвэрээр шийдвэрлэх боломжийн талаар гүйцэтгэгч байгууллага болон сумын удирдлагуудтай санал солилцсон байна.

Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор Түдэвтэй сумын сургуулийн өмнөх боловсролын хүртээмж нэмэгдэж, хүүхэд багачууд орчин үеийн шаардлага хангасан, аюулгүй, тав тухтай орчинд суралцах нөхцөл бүрдэх юм.

