Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Цагаанхайрхан сумыг Улиастай хоттой холбох 40.2 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Төслийг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлснээр уг замыг 2027 оны наймдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Цагаанхайрхан сумын Засаг дарга Л.Бат-Амгалан, Алдархаан сумын Засаг дарга А.Мөнхсайхан нарын хамт Улиастай–Цагаанхайрхан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзан, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Уг замын барилгын ажил 2025 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Жиангсу интернэйшнэл экономик энд техникал кооперэйшн” компани ажиллаж байна. Тус зам нь Улиастай-Алтай чиглэлийн 178 км хатуу хучилттай авто замын эхлэл хэсэг бөгөөд баруун бүсийн тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Төслийн хүрээнд Яруугийн голд 134 метр, Богдын голд 176 метр, Ширээгийн голд 134 метр, Шороотын хоолойд 29 метр урт төмөр бетон гүүр барьж байгаа бөгөөд нийт гүүрийн урт 450 метр болж байна. Мөн долоон байршилд авто зогсоол, 11 байршилд уулзвар, гарц, 105 байршилд ус зайлуулах хоолой байгуулахаар төлөвлөжээ.
Одоогоор Алдархаан сумын талаас 10 км замын суурь ажлыг гүйцэтгэж, асфальтан хучилт хийхэд бэлэн болгосон байна. Гүйцэтгэгч компанийн мэдээлснээр, энэ оны 11 дүгээр сар гэхэд 10 орчим км замд асфальтан хучилт хийхээс гадна дөрвөн гүүрийн тулгуур баганыг цутгаж, дам нурууг угсрах, ус зайлуулах хоолойн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөж байна.

Замын бүтээн байгуулалтын явцад орон нутгийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, Завхан аймгаас туслан гүйцэтгэгч компаниудыг сонгон ажиллуулж байна. Үүний зэрэгцээ 70 гаруй иргэнийг ажлын байраар хангаж, барилгын ажилтнуудын хүнсний хэрэгцээний тодорхой хэсгийг орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагаас нийлүүлж байгаа юм.
Зам барилгын ажил үргэлжилж буйтай холбоотойгоор урд чиглэлийн сумд руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг тасалдуулахгүй байх зорилгоор түр болон туслах замуудыг гарган, зорчих нөхцөлийг хангаж байна.
Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн авто зам нь зөвхөн аймгийн төвийг сумын төвтэй холбох төдийгүй цаашид Улиастай-Алтай-Бургастай боомтын чиглэлийн баруун босоо тэнхлэгийн авто замын сүлжээтэй холбогдох стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.
Тус зам ашиглалтад орсноор Цагаанхайрхан сум аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар шууд холбогдож, иргэдийн зорчих нөхцөл сайжрахын зэрэгцээ тээвэр, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал болон орон нутгийн эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэнэ гэж Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр онцоллоо.
