Монголын анхны олимпын аварга тамирчин

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-06-26 18:54:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголоо алдаршуулсан олимпын баатрууд" цуврал нийтлэл, ярилцлагынхаа энэ удаагийн дугаараар монголчуудын 44 жил хүсэн хүлээсэн олимпын аваргын алтан медалийг эх орондоо авчирсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын аварга Найдангийн Түвшинбаярын тухай өгүүлж байна. 


Монголчууд Булган нутгийг эртнээс Монголын анхдагч баатрууд, алдартнуудын нутаг хэмээдэг билээ. Үүний бас нэгэн баталгаа болсон Н.Түвшинбаяр хүү 1984 оны зургадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. Тэрбээр бөхийн спортоор 2002 оноос эхлэн хичээллэсэн байна. Түүний биеийн өндөр нь 178 см гэдэг нь жирийн монгол эр хүний жишиг юм. Гэхдээ Н.Түвшинбаяр жүдо бөхийн -100 кг болон ,+100 кг-д барилдаж дэлхийд нэрээ гаргасан гэдгээрээ бусдаас онцгой нэгэн. Тэрбээр бөхийн спортыг сонирхсоор дунд сургуулиа төгсөөд нийслэл хотыг зорьж "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгсөн тамирчин болох их замаа эхэлжээ. Улмаар Булган нутгийн хүү Н.Түвшинбаяр "Бээжин-2008" зуны XXIX олимпын наадмын жүдо бөхийн -100 кг-д алтан медаль хүртэж, олимпын аварга болсон Монгол Улсын анхны иргэн гэдгээрээ Монголын спортын түүхэнд алтан үсгээр бичигдэж мөнхөрсөн тамирчин билээ. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Парисын дэлхийн цомын тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын аварга жүдоч хүү ийнхүү монгол зон олныхоо хайр хүндэтгэлийг хүртсэн түүхтэй.



Монгол Улсаас төрсөн олимпын анхны аварга Н.Түвшинбаяр "Лондон-2012" олимпын мөчлөгийн эхний хоёр жилд бэртлээ бүрэн сайн эдгэрүүлэхээр эмчилгээ хийлгэж спортоосоо түр хөндийрсөн. Харин 2011 оноос бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж олимпын эрх олгох тэмцээнүүдэд дараалан амжилттай оролцож Лондонгийн олимпын эрхээ өвөртөлсөн юм. Тэрбээр 2011 оны эхээр Парисын Их дуулгаас -100 кг-д мөнгөн медаль хүртсэн бол дөрөвдүгээр сард нь Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн.


Мөн 2011 оны 10 дугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабид олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль, 12 дугаар сард БНСУ-ын Чэжүд болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлж алтан медаль хүртсэн. Энэ тэмцээнд олимпын аварга Н.Түвшинбаяр -100 кг-д аваргын төлөө дэлхийн аварга Хван Хи Тэг вазари үнэлгээгээр буулган авсан юм. Парисын их дуулгын хагас шигшээд энэ хоёр бөх учрахад Н.Түвшинбаяр дархан бусгах мэхээрээ цэвэр ялсан бол дөрөвдүгээр сард Абу Дабид болсон Ази тивийн АШТ-ий хагас шигшээд дахин таарахад солонгос жүдоч даагаа нэхсэн. Харин тэдний хайнаа хагалах барилдаан Чэжүд болоход Н.Түвшинбаяр Хи Тэг нутагт нь илүүрхэн ялж, чансааг хоёр байраар ахиулж, 12-т эрэмбэлэгдсэн.



Н.Түвшинбаяр Парис хотноо 2012 оны хоёрдугаар сард болсон ОУЖБХ /IJF/-ны "Их дуулга"-ын тэмцээний аварга болж чансаагаа дахин урагшлуулсан. Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр "Их дуулга" тэмцээний эхний тойргийн барилдааныг өнжиж, улмаар Беларусийн Яаухен Биядулун, Францын Тьерри Фабре нарыг цэвэр, дараа нь БНСУ-ын Хван Хи Тэг вазари үнэлгээгээр ялж хүрэл медалийн болзол хангасан. Улмаар хагас шигшээ барилдаанд Узбекстаны Рамзидин Саидовтой таарч, вазари үнэлгээгээр ялж, аваргын төлөө Латвийн Евгенис Бородавког хоёр юүкогоор ялж, "Их дуулга" -ын аварга болсон. Тэрбээр 2012 оны Лондонгийн олимпын наадмын жүдо бөхийн татамид -100 кг-д Монгол Улсаа дахин төлөөлж олимпын мөнгөн медалийн эзэн болж, “Олимпын хос медальтан” Монголын анхны тамирчин болсон түүхэн гавьяаг байгуулсан билээ.


Токиогийн олимпын наадмаас Бээжингийн олимп хүртэл зуны 11 олимпын наадмаас монголчуудын хүсэн хүлээсэн олимпын аварга хэмээх эрхэм хүндтэй хэргэм цолыг Булган хангайн малчин Найдангийн хүү Түвшинбаяр анх удаа хүртээд зогсохгүй 4 жилийн дараа Лондонд энэ алтан медалиа мөнгөн медальтай хослуулсан, энэ цаг үеийн домогт тамирчин юм. “2008 оны наймдугаар сарын 14” энэ өдөр монголчууд олимпын анхны аваргадаа орон даяар, хотлоороо баяр хүргэж байсныг Монголын ард түмэн өнөөдөр ч тодхон санаж байгаа. Н.Түвшинбаяр хүү “бөх болох хүү” гэсэн итгэл, найдварын үгийг ах дүүс, ойр дотны болон эргэн тойрны хүмүүсийн амнаас балчир наснаасаа л сонсож өссөн гэдэг. Тиймээс ч монгол хүний бэлгэдлийн энэ  үг түүний балчир наснаас нь сэтгэлд нь хоногшин сэтгэл зүйд нь амжилт гаргах ёстой гэсэн чин хүсэл тэмүүллээр хангалттай цэнэглэгдэж их урам зориг, сэтгэлийн тэнхээ өгч олимпын аварга болж чадсан Монголын их цог хийморийг хүртсэн эгэлгүй нэгэн монгол хүү гэж болно.


 

Тэрбээр долоон хүүхэдтэй айлын отгон хүү бөгөөд эхээс төрөхдөө монгол хүүхдийн дундаж жингээс нэлээд хол зөрөөтэй 5,5 кг байсан нь бас л нэгийг хэлнэ. Төрөхөөс заяасан унаган махаа алдалгүй бяр хүч суусан нь түүний бас нэгэн онцлог давуу тал гэлтэй. Хар багаасаа дугуй унаж чамгүй хол замыг туулж байсан нь түүнийг бат суурьтай бөх болоход нөлөөлсөн гэж ч зарим спортын мэргэжилтнүүд онцолдог. Монголын эрс тэс уур амьсгалтай хөдөө тал, хангай нутгийн хөвгүүд, охид өвөл, зуны аль ч улиралд түлээ хагалж, усаа зөөж өсөж хүмүүждэг уламжлалт амьдралын хэв маяг ч олимпын анхны аваргыг улам л тамир, тэнхээ, тэвчээр, сэтгэлийн хат суулгасан нь тодорхой.


Түүнийг бөхийн ертөнц рүү оруулсан хүн бол Булган аймгийн спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн бөхийн багш Эрдэнэ-Очир. Түүний их амжилтын гараа эндээс л угшилтай. Тэрбээр сурагч байхдаа самбо, жүдо барилдаанаар өсвөрийн үеийн улсын аварга болж, насанд хүрэгчдийн тэмцээнээс ч медальтай, аймгийн начин цол хүртэж байсан нь түүнд улам их эрч хүч бэлэглэсэн болов уу.


Тамирчин болох их зам мөрөө нэгэнт гаргасан Н.Түвшинбаяр хүү Биеийн тамирын хэд хэдэн дээд сургуулийн урилгатай нийслэлд ирэхэд "Авзага трейд" компанийн захирал П.Мэндбаяр сар бүр 60 мянган төгрөгөөр цалинжуулсан нь бас л түүнийг амжилтын өөд тэмүүлэх их эрч хүч өгч дэм болсон нь мэдээж.


Тэрбээр багын найз Э.Энхбатын хамт дархан аварга Б.Бат-Эрдэнийн "Аварга" дээд сургуульд суралцаж байхдаа шилдгийн шилдэг тамирчин болох хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлэхээр эргэлт буцалтгүй жүдо бөхийг сонгожээ. Булган аймгийн Сайхан сумын уугуул Монгол Улсын начин П.Ганбаярын санаачилсан тусгай бэлтгэлд Н,Түвшинбаяр, Э.Энхбат нар хамрагдаж хоёр жилийн турш хөлс дуслуулсан нь тэднийг жинхэнэ тамирчин болоход нь онцгой нөлөөлсөн хэмээн олимпын аварга хожим нь дурссан байдаг. Жүдогийн улсын шигшээ багт 2006 онд бэлтгэл хангагчаар авсан нь Н.Түвшинбаярт амжилтаа ахиулах том боломжийг олгосон байна. Тэр шигшээгийн багш нар, багийн нөхөд болон олон сайн хүний дэмжлэг дор хамтран хөдөлмөрлөсний дүнд л амжилтад хүрсэн гэдгээ ямагт онцлон дурсдаг.


Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан, гавьяат тамирчин өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Н.Түвшинбаярыг амжилтад хүрэх тамирчин гэдгийг таньсан нь түүнд хүч, ур чадвараа ахиулах боломжийг нээж өгсөн байна. Н.Түвшинбаяр ч энэ их итгэлийг нь дааж чадсан юм. Найдангийн Түвшинбаяр Лондонгийн олимпын татамид тав барилдахдаа Тайландын Теерават Хомклиныг минут хүрэхгүй хугацааны дотор (55 секунд) цэвэр ялж, Францын Тьерри Фабрег 1:58 минутад цэвэр дарж, Узбекистаны Рамзиддин Саидовыг алтан цагт иппоноор ялснаар хагас шигшээд шалгарсан юм. Түүний дөрөв дэх учраа нь БНСУ-ын алдарт бөх, 2003 оны дэлхийн аварга Хван Хи Тэ байв. Тэр медальтай үлдэх эсэхээ шийдэх чухал барилдааны энэ торгон мөчид Н.Түвшинбаяр хашир өрсөлдөгчийнхөө алдааг ашиглаж юүко оноо салгаж чадсан нь шигшээ барилдаанд хүч үзэх замаа зассан гэж болно. Харин энэ барилдаанд манай бөх өвдөгний ужиг гэмтлээ сэдрээсэн юм. Харин олимпын аварга, тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулан барилдааны цагийг дуусгаж Найдангийн хүү Монголоос төрсөн олимпын хос медальт анхны тамирчин болсон юм. Энэ бэртэл түүний шигшээ барилдаанд аргагүй нөлөөлж ОХУ-ын Тагир Хайбулаевын эсрэг үнэн хүчийг үзүүлж чадалгүй ялагдсан юм.



Ийнхүү бэртлийн улмаас олимпын хошой аварга болж чадаагүй ч тэр Монголын төдийгүй дэлхийд домог болсон жүдоч болж дархлагдсан билээ. Дэлхийд данстай шилдэг жүдоч гэдгийн бас нэгэн баталгаа нь Н.Түвшинбаяр жүдо бөхийн 2015 оны Астанад болсон Дэлхийн цомын АШТ-ий хүрэл медаль, 2017 онд Унгарын Будапешт хотноо болсон ДАШТ-д жүдогийн хамгийн хүнд жин буюу +100 кг-д хүч үзэн хүрэл медалийн эзэн болсон амжилтууд юм. Олимпын наадмын хос медальтан Н.Түвшинбаяр монгол үндэсний бөхийн заан цолтой бөх гэдгээр нь монголчууд түүнийг жинхэнэ /ясны/ монгол бөх хэмээн бахархдаг.



Тэрбээр Ардын хувьсгалын 92 жилийн ой буюу 2013 оны Үндэсний их баяр, наадамд Дархан аварга Г.Өсөхбаяраар 6 давж Улсын харцага цол хүртсэн. Улмаар 2017 оны Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын их баяр, наадамд улсын харцага цолны болзлыг хангасан О.Хангайгаар 7 даван шөвгийн дөрөвт үлдэж, Монгол Улсын заан цолтон болсон юм. Мөн 2006 болон 2012 онд улсын наадамд 4 давсан билээ.


Монголын төдийгүй дэлхийн түүхэнд хамгийн олон буюу 6006 бөх хүчээ сорьсон Гиннесийн номд бичигдсэн Монгол үндэсний бөхийн барилдаанд Хөдөлмөрийн баатар, аймгийн арслан Н.Түвшинбаяр олимпын наадам шиг одтой, адтай барилдаж ес давсан нь бас л түүнийг ямар том чансаа, зангарагтай бөх гэдгийг нь нотолсон түүхтэй.

Холбоотой мэдээ