Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө босгов

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-09-13 12:35:34

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. 
Үүний дагуу Дархан-Уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос 24 дэх жилдээ улс төрийн  хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхдэд төрөөс хүндэтгэл үзүүлэх ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү өдрийг тохиолдуулан тус аймгийн Урчуудын эвлэлийн зураач, барималч Д.Батмөнх, их эмч Ц.Баясгалан, инженер В.Даваажав нарын зэрэг хүмүүс санаачлан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, хүндэтгэлийн хөшөөг босголоо.

Хүндэтгэлийн хөшөөг Дархан сумын ЗДТГ-ын урд Залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд босгосон нь дахин улс төрийн хэлмэгдэлтийг гаргуулахгүй байх, залуу хойч үед түүхийн эмгэнэлт үйл явдлын хор уршгийг таниулан ойлгуулах ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа. 
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагаа 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлж, энэ хугацаанд 30 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээж, цагаатгажээ.
Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд 17400 гаруй хэлмэгдэгсдэд 17,5 тэрбум төгрөгийн нэг удаагийн нөхөн олговрыг олгожээ.
Дархан-Уул аймагт одоогоор хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд ач гуч 80 орчим хүн амьдарч байна. “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулинд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дараах нэмэлт өөрчлөлт орсон байна.

Үүнд: 1.Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг;
2.Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч,  хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг тус тус олгохоор хуульчилсан байна. Уг нөхөн олговрыг 2019 оноос шат дараатай олгох
ажээ. 

Холбоотой мэдээ