Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагва Н.

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоногт хоёр хувиар нэмэгдсэн байна. Бага насны хүүхдүүдийн дунд халдварын тохиолдол өндөр байгаа ажээ.
Тодруулбал, 11 дүгээр сарын 9-15-ны өдөр амбулаториор нийт 9154 хүн үйлчлүүлсний 865 буюу 9.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байжээ. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын 46 тохиолдол бүртгэгдсэн нь амбулаторийн нийт үзлэгийн 0.5 хувийг эзэлж байна.
Өвчлөлийн тархалтын түвшнийг үнэлэхэд Ховд аймагт “алаг цоог” түвшинд байгаа бөгөөд Дарви, Мянгад, Цэцэг суманд өвчлөл харьцангуй өндөр байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн иргэдийн 82 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаагаас 55.4 хувь нь тав хүртэлх насныхан байна. Түүнчлэн амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдлын 60.8 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүдэд бүртгэгджээ.
Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн лавлагаа лабораторид нийт 17 сорьцод шинжилгээ хийхэд 41.1 хувьд нь томуугийн А хүрээний вирус илэрсэн байна.
Иймд эрүүл мэндийн байгууллагуудаас иргэдийг ханиад, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, амны хаалт тогтмол хэрэглэх, гараа сайтар угаах, олон нийтийн газраар зорчихыг хязгаарлах, бага насны хүүхдийг халдвараас хамгаалахыг зөвлөж байна.