Л.Мөрдоржийн 100 жилийн ойн тоглолтууд үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-18 15:42:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөгжмийн суу билэгт хүн Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн  ойг энэ жилийн турш тэмдэглэсээр байна. Энэ хүрээнд түүний  симфони найрал хөгжимд зориулсан дан хөгжмийн бүтээлүүдийн тоглолт энэ сарын 20-нд Улсын филармонийн байранд болох гэж байна. Л.Мөрдорж нь 1919 оны 9  дүгээр сарын 15-нд  нийслэл хүрээнд төржээ. 1936 онд анх улсын уралдаанд орж хуучир хөгжмөөр гарамгай хөгжимдөн тэргүүн байранд орж 17-хон насандаа "Алдарт гавъяат хөгжимчин" цолыг хүртжээ.

Авьяаслаг хөгжмийн зохиолчийн Төрийн гурван удаагийн шагналт Цэндийн Дамдинсүрэнгийн шүлэг, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Б. Дамдинсүрэнтэй хамтран зохиосон Монгол Улсын төрийн дуулал одоо болтол  эгшиглэсээр байна. Дэлхий дахинаа олон зуунаар хөгжиж ирсэн сонгодог симфонийн үндэс суурийг эх орондоо тавьсан анхдагч болсон Л. Мөрдоржийн "Алтан өргөө" киноны хөгжмийг ч дэлхийд  үнэлсээр байгаа.  Л.Мөрдоржийн ардын найрал хөгжимд зориулсан "Цэнгэлийн эгшиг", "Унаган жороо" хэмээх шанзны гоцлол, " Хаврын шувууд ирлээ" ёочинд зориулсан анхны гоцлол, "Говийн өглөө" лимбэний гоцлол зэрэг дан хөгжмийн бүтээл, "Дөрвөн цагийн тал", "Бүүвэйл хорвоо бүүвэйл", "Намрын өнгө" гээд олон сайхан дуу, "Мөнгөн хүрхрээн чимээ" магтуу найраглал зэрэг бүтээлээс бүрдсэн тоглолтыг ч  энэ сарын сүүлчээр хийхээр Үндэсний урлагийн их театрынхан бэлтгэж байна. Монгол Улсын консерватори ирэх 11 дүгээр сард  Л. Мөрдоржийн 100 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний хурлыг бас хийнэ.  УДБЭТ энэ оны эцсээр "Жаргал" дуурийг сэргээн шинэчилж тавих юм байна.


Холбоотой мэдээ