Ачаалж байна…
Ачаалж байна…
Мөнхзул Батбаяр

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масару нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд нийт 167,752 ам.доллар буюу 605 сая төгрөг, орон нутгийн оролцоог ханган аймгаас 250 сая, сум орон нутгаас 50 сая төгрөгийг төсөвлөж, нийт 905 саяын төсөвт өртгөөр Хүрээмарал сумын сургуулийг ирэх жил их засварт оруулах болсон талаар аймгийн ЗДТГ мэдээлэв.
Ингэснээр Хүрээмарал сумын хүүхэд багачууд, стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан, дулаан, аюулгүй орчинд сурч хөгжих, багш сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах орчин сайжрах зэрэг эерэг нөлөө бий болох юм.
Гэрээг үзэглэх ёслолд Хүрээмарал сумын Засаг дарга Л.Сансаргомбо, сургуулийн захирал Б.Ууганбаяр болон АЗДТГ-ын БОНХОБТХ-ийн мэргэжилтэн Ө.Хандармаа нарын холбогдох талууд оролцжээ.
Ийнхүү олон улсын хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн сургууль боловсролын орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бодитой хөрөнгө оруулалт Баянхонгорт хийхээр болж байна.