Түймэрт урьдчилсан байдлаар 100 га бэлчээрийн талбай шатжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-30 21:15:51

Завхан /МОНЦАМЭ/ Завханы Тосонцэнгэл, Отгон суманд ойн түймэр гарч унтраах арга хэмжээ авч байгаа талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тухайлбал Тосонцэнгэл сумын Оргих багийн “Ялтын даваа” гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 18:15 цагт хүлээн авчээ. Ийнхүү аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 20 алба хаагч, ЗДТГ-ын 28 ажилтан, орон нутгийн 120 иргэн, нийт 184 хүн, 36 автомашинтай ажиллажээ. 9 дүгээр сарын 25-ны өдрийн 13:45 цагт түймрийг цурманд оруулж 9 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар цурмыг цэвэрлэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 80.5 га талбай шатсан байна.

 100 га бэлчээрийн талбай шатжээ

Завханы Отгон сумын Баянбулаг багийн “Бургас” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 9 зүгээр сарын 26-ны өдрийн 10:50 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Ийнхүү аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 12 алба хаагч, нийт 164 хүн түймрийг унтраахаар ажиллажээ. Тухайлбал Отгон сумын 111 иргэн, Цагаанчулуут сумын 12 иргэн, Шилүүстэй сумын 11 иргэн, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 18 иргэн, 20 автомашин, 10 мотоциклтой гурван бүлэгт хуваагдан ажилласнаар 9 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагт түймрийг цурманд оруулжээ. Ийнхүү тухайн өдрийн 14:26 цагт бүрэн унтрааж, Отгон сумын Засаг дарга Ж.Амгаланбаяр, Байгаль орчны байцаагч Б.Баясгалан нарт хүлээлгэн өгсөн байна. Түймэрт урьдчилсан байдлаар 100 га бэлчээрийн талбай шатжээ. Түймэр гарсан шалтгааныг тодруулж байгаа гэв. 

Холбоотой мэдээ