Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрцэцэг Дээгий

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. “Оюу толгой” компани “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд энэ оны гуравдугаар улирлын байдлаар шууд болон дүйцүүлэх хэлбэрээр нийт 47,8 сая мод тарьж ургуулжээ.
Ойжуулалтын ажлын хүрээнд говийн бүсийн байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон арга технологийг тодорхойлох зорилгоор хэд хэдэн туршилт, судалгаа хийж байна.
Тухайлбал, Өмнөговь аймгийн Дайчингийн загт үрийн бөмбөлөг ашиглан ойжуулах, модны үндэсний шим тэжээл шингээх чадварыг дэмжих микориз мөөг хэрэглэх, дроноор ойн тооллого хийх туршилтыг хэрэгжүүлжээ. Мөн Монгол орны цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг судлах ажилд дэмжлэг үзүүлж байгаа аж.
Үрийн бөмбөлөг ашиглах арга нь үрийг хамгаалалтын бүрхүүлд оруулан хөрсөнд суулгаж, соёолох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэдэг. Харин микориз мөөг нь ургамлын үндэстэй симбиоз холбоо үүсгэж, ус, эрдэс шим тэжээл шингээх үйл явцад дэмжлэг үзүүлдэг. Дроны тусламжтайгаар ойн талбайн мэдээллийг зайнаас цуглуулж, ургамлын бүрхэвчийн өөрчлөлтийг хянах боломжтой юм.
Эдгээр аргын үр нөлөөг байгаль, цаг уурын нөхцөлтэй уялдуулан судлах нь ойжуулалтын ажлын үр дүнг үнэлэх, тарьсан модны ургалт, амьдрах чадварт нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлоход ач холбогдолтой. Түүнчлэн ойжуулалтын үр дүнг зөвхөн тарьсан модны тоогоор бус, модны амьдралт, экосистемд үзүүлэх нөлөө, урт хугацааны тогтвортой байдлаар үнэлэх шаардлагатай юм.
“Оюу толгой” компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд говийн бүсэд заг мод тарьж ургуулах, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, доройтсон газрыг нөхөн сэргээх чиглэлээр ажиллаж байна.
Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд, Цогт-Овоо, Сэврэй, Баян-Овоо, Манлай суманд мод үржүүлгийн газар байгуулжээ.
Мөн ойн инженер, байгаль орчны чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгох, ойн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих чиглэлээр орон нутагтай хамтран ажиллаж байгаа аж.
Ойжуулалтын шинэ арга, технологийн туршилт, судалгааны үр дүн нь говийн бүсэд хэрэгжүүлэх ойжуулалтын үйл ажиллагааг төлөвлөх, модны ургалт, амьдрах чадварыг нэмэгдүүлэхэд ашиглах боломжтой юм.