Уул уурхайн дэмжлэгээр 145 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-04-07 17:26:28

Увс /МОНЦАМЭ/. Бөхмөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй нүүрсний хоёр томоохон уурхайтай тус сумын ЗДТГ-аас хамтран ажиллах гэрээ байгуулж, дараах ажлуудыг хийлгэхээр болжээ.

Үүнд, “Хотгор” ХХК-тай хийсэн гэрээний хүрээнд сумын Цагдаагийн хэсгийн албан хаагчдын орон сууцны дэмжлэгт 25 сая, цөм сүрэг бүрдүүлэх ажилд зориулж 15 сая, Байгаль хамгаалах ажилтны цалин урамшуулалд 2,5 сая, айл өрхөд 1100 тн бүхэл нүүрс олгох 47,2 сая, Заставын тохижилт 1.5 сая, нийтдээ 91,2 сая төгрөгийн ажлыг 2020 онд хийхээр болсон байна.

Харин “Эрчим Баян өлгий” ХК-тай хийсэн гэрээний хүрээнд цөм сүрэг бүрдүүлэхэд 15 сая, Байгаль хамгаалах ажилтны 2020 оны цалин урамшуулалд 2,4 сая, 2019 оны цалингийн зөрүүд 1,4 сая, Заант хадны тохижилтод 10 сая, Хар алтат багийн төвийн байрны их засварт 15 сая, Олон нуурын зам засах ажилд 5 сая, Хар алтат багийн эмчид мотоцикл авахад 2 сая, айл өрхүүдэд 400 тн нүүрс, 8 сая төгрөг олгоход нийтдээ 53,8 сая төгрөг олгохоор болсон байна. Нийтдээ тус суманд энэ жил уул уурхайн дэмжлэгээр 145 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийх юм байна.

 

Холбоотой мэдээ