Хонконгийн 2.9 сая оршин суугч аюулгүй байдлын тухай хуулийн төслийг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-06-02 12:12:11

ХОНКОНГ. /Xinhua/. БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг дэмжсэн өргөх бичигт тус бүсийн 2.93 сая орчим оршин суугч гарын үсэг зуржээ. 


Энэхүү баримт бичигт гарын үсэг цуглуулах кампанит ажил найман өдрийн турш үргэлжилсэн бөгөөд уг үйл ажиллагааг зохион байгуулагчид өргөх бичгээ Хонконгийн засаг захиргааны Зохицуулах товчооны дарга Ло Хуининд даваа гарагт хүлээлгэн өгсөн байна.


“Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл Хонконгийн оршин суугчдын хүсэл эрмэлзэлтэй нийцэж байгааг өргөх бичигт гарын үсгээ зурсан хүмүүсийн тоо бүрэн илэрхийлж байна” гэж Ло Хуинин мэдэгджээ.


БНХАУ-ын 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын гуравдугаар чуулганы үеэр Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулах тухай тогтоолыг баталсан юм. Уг шийдвэрийн дагуу төв Засгийн газрын үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан газар шаардлагатай тохиолдолд Хонконгт агентлагуудаа байгуулах боломжтой ажээ.


Ло Хуинин цахим сүлжээгээр хуулийн төслийн талаар буруу ташаа мэдээлэл тархаж буйг онцолжээ. “Уг баримт бичиг хүчин төгөлдөр болсон тохиолдолд Хонконгийн оршин суугчид үг хэлэх, хэвлэн мэдээлэх, цуглаан хийх эрх чөлөөгөө алдаж, хилийн чанад руу аялж, гадаадын иргэдтэй оройн хоол идсэн тохиолдолд баривчлагдана” гэх мэт цуурхал гарч буйг тэрбээр тэмдэглээд, ийм заль мэхэнд автахгүй байж, улс төрийн ийм төрлийн хуйвалдааныг эсэргүүцэхийг оршин суугчдадаа уриалжээ. 

Холбоотой мэдээ