Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

БРЮССЕЛЬ, 2026 оны арваннэгдүгээр сарын 22 /DW/. Бараг 10 жилийн турш хэлэлцээ хийсний эцэст Европын Холбоо ба Индонез улс Чөлөөт худалдааны тухай иж бүрэн хэлэлцээр болон Хөрөнгө оруулалтыг хамгаалах тухай гэрээ байгууллаа.
Өчигдөр Брюссель хотод болсон хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен, Индонезийн Эдийн засгийн сайд Аирлангга Хартарто оролцжээ.
Европын Холбооны таамаг үнэлгээгээр, дээрх хэлэлцээрүүдийг байгуулснаар Зүүн-Өмнөд Азийн хамгийн том эдийн засаг болох Индонезид нийлүүлж буй барааны хэмжээ 15 жилийн хугацаанд 40 орчим хувиар өснө.
Фон дер Ляйен Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто-д талархал илэрхийлээд “бид хамтдаа 730 сая хүнтэй зах зээлийг бүрдүүлж байна” гэлээ. Түүний хэлснээр, Индонезийн төрийн тэргүүн 12 дугаар сарын 11-нд Брюссельд айлчлах ажээ.
АНУ ба Хятадын зүгээс өрсөлдөөн нэмэгдэж буй энэ үед худалдааг төрөлжүүлэхэд чиглэсэн Европын Холбооны хүчин чармайлтын хүрээнд хоёр талын хооронд явагдсан хэлэлцээ 2025 онд дууссан юм.
Хоёр хэлэлцээрийн хүрээнд бараг бүх гаалийн татварыг буюу бараа бүтээгдэхүүний 98.5 хувьд ногдуулж байсан татварыг цуцална. Европын комиссын даргын хэлснээр, гэрээ байгуулсны дүнд Европын “ногоон технологи” ба гангийн үйлдвэрлэлд шаардлагатай чухал түүхий эдүүдийг тогтвортой нийлүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн Европын компаниуд ба фермерүүд өсөн тэлж буй Индонезийн зах зээлд нэвтрэх шинэ боломжууд нээгдэж байна.