Бизнес инкубатор төв нээлээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-09-28 20:34:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төвийг өнөөдөр нээлээ.  

Төв ашиглалтад орсноор иргэд төрийн үйлчилгээг мэдээлэл холбооны технологи ашиглан авах, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдах, гарааны бизнес эрхлэх боломж бүрдэнэ.


Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд зургаан дэд төв байхаар тусгасан. “Гэр  хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь дэд төвийг бий болгох суурь "дэд бүтэц” юм. Төслийн хүрээнд хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор сургалтын төв, цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн хөгжлийн төв, тохижилт ногоон байгууламж, спорт комплекс зэрэг барилга барьж эхэлсэн. Одоогор 240 хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор сургалтын төвийг ашиглалтад оруулаад байна.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд хэлэхдээ, “Судалгаагаар иргэд оёдол, гоо сайхан, үсчний сургалтад хамрагдахыг хүссэн. Энэ төвд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 15 000 мянган иргэн сургалтад хамрагдаж, гарааны бизнесээ хөгжүүлэх бүх үйлчилгээг авна гэсэн үг. Германы Эдийн засгийн хамтын ажиллагааны яам,  Азийн хөгжлийн банкны “Ур чадварыг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлж, мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Сургалтын төвүүд иргэдийг ажил, орлоготой байх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бизнесийг дэмжих чиглэлээр ажиллана” гэв.

“Гэр  хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-өөр хэрэгжүүлэх Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажлын явц 85 хувийн гүйцэтгэлтэй байна.

Холбоотой мэдээ