Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-22 14:33:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг баталлаа.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг төслийн хавсралтад нэмж тусгах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцан боловсруулахаар байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болгон өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулжээ. Анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналыг төсөлд тусгаснаар тогтоолын төслийн 1 заалтад өөрчлөлт орсон байна. Мөн хавсралтаас 14 хууль тогтоомж хасагдаж, 18 хууль тогтоомж нэмэгдэн, 2 хууль тогтоомжийн нэр болон зохицуулах харилцааны агуулга, 30 хууль тогтоомжийг өргөн мэдүүлэх хугацаанд өөрчлөлт оруулсан байна. 


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 19-ний хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгажээ. Мөн тогтоолын төслийн зарчим, агуулгыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг танилцууллаа. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Баттөмөр нарын гишүүн асууж, хариулт авснаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжив. Ингээд санал хураахад гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Холбоотой мэдээ