Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

ИЕРУСАЛИМ, 2026 оны арваннэгдүгээр сарын 26 /АНАДОЛУ/. Сонгуулийн 120 хэсэгт санал хураалтын дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулахыг Израилын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Биньямин Нетаньхугийн “Ликуд” нам албан ёсоор шаарджээ.
Yedioth Ahronoth сонинд мэдээлснийг үзвэл, тус намаас захиргааны шүүх болох Иерусалим хотын Тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Haaretz сонинд мэдээлснээр, “Ликуд” нам араб хүн ам голчлон суурьшдаг бүс нутгууд дахь маш олон санал авах байранд зөрчил гарсан байж болзошгүйг харуулсан нотлох баримтуудыг бичгээр танилцуулжээ. Гомдлуудын дийлэнх нь сонгогчдын хувийн мэдээлэлтэй холбоотой бөгөөд энэ нь Сонгуулийн төв хороо болон Дээд шүүхийн шийдвэрүүдийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Давж заалдах гомдолд “сонгогчдын саналыг худалдан авсан, эсвэл сонгуулийн дүнг будлиантуулсан гэх нотлох баримтыг хавсаргаагүй ажээ. Гол нь, сонгогчдын хувийн мэдээллийг дамжуулсан, уг мэдээллийг сонгуулийн ирцийг өсгөх зориулалттай аппликейшнд ашигласан гэх асуудлыг хөндсөн байна. Харин Сонгуулийн төв комиссын төлөөлөгчдийн үзэж байгаагаар, дурдсан зөрчлүүд нотлогдсон ч гэсэн санал хураалтын дүнг хүчингүй болгох хууль ёсны үндэслэл болохгүй ажээ.
Давж заалдах гомдлын хариуд Гади Айзенкотын удирдсан "Яшар" нам сонгуулийн дүнгийн хууль ёсны легитим байдлыг алдагдуулахыг оролдсон хэмээн "Ликуд" намыг буруутгалаа.
Израилын Ерөнхийлөгч Исаак Херцогоос олгосон бүрэн эрхийн дагуу Айзенкот 12 дугаар сарын 6-ны дотор засгийн газраа байгуулах ёстой бөгөөд эл хугацааг дахин 14 хоногоор сунгах боломжтой.
Израилд засгийн газар байгуулах хэлэлцээ үргэлжилж буй энэ үед тус улсын парламентын шинэ даргыг сонгосон тухай өмнө нь мэдээлсэн билээ.