Ачаалж байна…
Ачаалж байна…
Odonchimeg T

Баруун-Урт 2026 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Засаг даргын ивээл дор Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолыг зохион байгууллаа. Энэ жил Сүхбаатар аймгийн хэмжээнд 700 гаруй сурагч 16-н нас хүрч буй бөгөөд тэдний төлөөлөл болсон зуун сурагч тус ёслолд оролцон андгай өргөж, иргэний үнэмлэх, батламжаа гардан авлаа.
Ёслолыг нээж аймгийн Засаг дарга М.Идэрбат үг хэлэхдээ, өнөөдөр бол Монгол Улс дэлхий дахинаа тусгаар улсаа тунхагласан түүхэн бахархалт өдөр. Тиймээс хүн бүр улс, эх орноороо бахархаж, өнөөдөр энд иргэний андгайгаа өргөж буй залуус та бүхэн эрдэм номдоо шамдан, өөрөө өөрийгөө бүтээж, ээж аав, эх орондоо хэрэгтэй бие хүн болж төлөвших эхлэлээ тавьж байна. Нөгөө талаар эрхээ эдэлдэг хүүхдүүд байсан бол өнөөдрөөс үүрэг, хариуцлага хүлээх чадамжтай, бие даан шийдвэр гаргадаг болох амьдралынхаа чухал шатруу өгсөж буйгаа ухамсарлаарай. Монгол Улсын, Сүхбаатар аймгийн хөгжил дэвшлийн ирээдүй та бүхний гарт бий шүү хэмээн урам өгч, баяр хүргэлээ.
Харин Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүн хэлэхдээ, Монголын Залуучуудын Холбоо нь 1921 онд “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэрээр анх үүссэн бөгөөд 1991 онд нийгмийн шилжилтийн үед өөрчлөгдөж, одоогоор Монгол Улсын хамгийн том төрийн бус байгууллага хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. 2026 онд залуучуудын байгууллагын түүхэн 105 жилийн ой, мөн МЗХ болгон өөрчилсний 35 жилийн ой тохиож байна.
Энэхүү түүхт ойн босгон дээр Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо улсдаа дөрвөн удаагаа шилдэг салбар холбоогоор шалгарч, их жанжныхаа үүсгэн байгуулсан залуучуудын байгууллагынх нь залгамж халааг нэр төртэйгөөр үргэлжлүүлж байгаадаа баяртай байна.
Өдгөө бид Сүхбаатар аймгийнхаа 30 орчим мянган залуугийн дуу хоолой,үзэл бодлын индэр болохын төлөө баг хамт олноороо ажиллаж, аймаг, сумдын бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байна.
Өнөөдөр иргэний андгайгаа өргөж буй шижигнэсэн 100 залуугаар МЗХ эгнээнээгээ тэлж буйд талархаж байна. Та бүхэн залуусын байгууллагадаа тавтай морил гэв.
Энэхүү ёслолыг Сүхбаатар аймгийн ЗДТГ, Соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын газар, аймгийн Залуучуудын холбоо, Улсын бүртгэлийн хэлтэс, Боловсролын газар, Мэргэжлийн боловсролын сургууль, Ерөнхий боловсролын сургуулиуд , Төрөлжсөн ахлах сургуулийн удирдлагууд хамтран зургаа дахь жилдээ зохион байгууллаа.