Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

МОСКВА, 2026 оны арваннэгдүгээр сарын 26 /ТАСС/. Астанад болсон ДАШТ-ий шөвгийн 16-гийн барилдааны үеэр Оросын чөлөөт бөхийн тамирчин Елизавета Смирновад гэмтэл учруулсан АНУ-ын бөх Морган Николь Тернерийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахаар Оросын спортын бөхийн холбоо төлөвлөж байна.
10 дугаар сарын 27-нд болсон барилдааны үеэр Тернер хуруугаараа Оросын тамирчны нүд рүү хоёр удаа цохисны улмаас Смирновагийн нүдний салст бүрхэвч болон эвэрлэг бүрхэвч нь гэмтсэн юм. Тернерийг тэмцээнээс хассан боловч эмч нарын зөвлөмжөөр Смирнова цааш шөвгийн 8-д барилдах боломжгүй болсон байна.
30-ны өдөр Оросын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Анатолий Белоглазов хэлэхдээ, Смирнова финалд үлдэх боломжтой байсан гээд Оросын тал нөхөн төлбөр шаардах эрхтэй гэдгийг дурдсан юм.
Ингээд Орост буцаж ирсэнийх нь дараа Смирновад мэс засал хийсэн бөгөөд одоо хагалгааны дараах оёдлыг нь салгаж авчээ.
Тамирчин өөрөө болон Оросын спортын бөхийн холбооны зүгээс АНУ-ын бөхийн үйлдэлд эсэргүүцэл илэрхийлж, уг хэрэг явдлыг мөрдөн шалгаж, Тернерт хатуу шийтгэл ногдуулахыг шаардан Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны (UWW) Сахилгын хороонд хандсан байна. Үүний зэрэгцээ, материалын болон сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэхээр Тернерийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах асуудлыг судалж байна.
Е.Смирнова бол 2025 оны ДАШТ-ий болон 2026 оны Европын АШТ-ий хүрэл медальт бөх юм.