Ачаалж байна…
Ачаалж байна…
Davaasuren Adiyasuren

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриа, илтгэх ур чадвар, бие даан сэтгэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилготой “Би-бяцхан илтгэгч-2026” уралдааныг улс тунхагласны баярыг тохиолдуулан зохион байгуулж, 20 хүүхэд оролцсоноос шилдгүүдийг шалгарууллаа.
Тус уралдааныг Соёлын бүтээлч сарын аян, “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөр болон 2026-2027 оны хичээлийн жилийн зорилтын хүрээнд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Музей, Номын сан, Сайнцагаан сумын гуравдугаар цэцэрлэг хамтран зохион байгуулсан байна.
Оролцогчид “Миний ахан дүүс-Гурван үеэ мэдье, танилцуулъя”, “Их эзэн Чингис хаан-Монгол бахархлаа танин мэдье” гэсэн хоёр сэдвээр илтгэл тавьж, гэр бүлийн уламжлал, удам угсаа, Монголын түүх, үндэсний өв соёлын талаарх мэдлэгээ танилцуулжээ.
Илтгэлээрээ дамжуулан хүүхдүүд судалж мэдсэн зүйлээ бусдад ойлгомжтой хүргэх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, олны өмнө өөртөө итгэлтэй ярих чадвараа сорьсон төдийгүй гэр бүлийн үнэ цэн, удам угсаа, үндэсний түүх, соёлоо танин мэдэхэд суралцсан юм.
Уралдааны тэргүүн байрт Сайнцагаан сумын гуравдугаар цэцэрлэгийн Б.Түвшинбаяр, дэд байрт Сайнцагаан сумын долдугаар цэцэрлэгийн С.Үжин, Эрдэнэдалай сумын нэгдүгээр цэцэрлэгийн Д.Билэгдэмбэрэл нар шалгарсан бол гутгаар байрт Хулд сумын цэцэрлэгийн М.Мэнд-Амар, Дэлгэрхангай сумын цэцэрлэгийн Э.Отгонсүрэн, Дэрэн сумын цэцэрлэгийн О.Хашбилэг нар шалгарлаа.
Харин тусгай байрт Адаацаг сумын цэцэрлэгийн Ж.Энх-Отгон, Сайнцагаан сумын зургаадугаар цэцэрлэгийн Б.Ариунжаргал, наймдугаар цэцэрлэгийн Ц.Аясал, нэгдүгээр цэцэрлэгийн Ж.Буян-Ундрах нар шалгарч, медаль, өргөмжлөл, зохион байгуулагчдын шагнал хүртэв.
Шагналыг “Оюунлаг Дундговь” хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч С.Доржпүрэв, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б.Шинэбаяр, Музейн дарга Ш.Цэрэндаш, Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Энхтуяа нар гардуулсан байна.
Мөн аймгийн музейгээс “Зава Дамдин мөнхөд оршиг” ном, морин хуурын пазл тоглоом болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, Номын сангаас үлгэрийн номыг хүүхдүүдэд бэлэглэжээ.
Энэхүү уралдаан нь хүүхдийг багаас нь ном унших, сонсох дадалд сургах, үгийн баялгийг нэмэгдүүлэх, бусдын өмнө өөртөө итгэлтэйгээр ярьж, үзэл бодлоо илэрхийлэх чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ үндэсний түүх, өв соёлоо танин мэдэх, гэр бүлийн үнэ цэнийг ойлгоход дэмжлэг үзүүлэх ач тустай юм.
“Би-бяцхан илтгэгч” уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд ирэх жилийн илтгэлийн сэдвийг “Зава Дамдин” байхаар товложээ.