Нэг хайрцаг “Маотай” архи 4 тэрбум төгрөгийн үнэ хүрчээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-06-24 13:35:08

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын цагаан архи буюу “Бай жю” нь өөрийн гэсэн онцлог үнэр амттай. Тус улсад нутаг, нутгийн гэх зэргээр маш олон төрлийн цагаан архи байх бөгөөд эдгээрээс хамгийн алдартай нь “Маотай” архи юм.

    Британийн Sotheby’s дуудлага худалдааны газар энэ сарын 18-ны өдөр 1974 онд үйлдвэрлэсэн “Маотай” архийг дуудлага худалдаанд оруулахаа зарлав.

    Улмаар тус дуудлага худалдаанд 14 оролцогч бүртгүүлэн өрсөлдөж, эцэст нь дээр дурдсан, нэг хайрцаг “Маотай” архины үнэ 1 сая фунт буюу 9 сая юаньд /4 тэрбум орчим төгрөг/ хүрчээ. Дуудлага худалдааны ялагч нь Азийн нэгэн цуглуулагч байжээ.  

Дуудлага худалдааны газраас дээрх архины үнэлгээг анх 200 мянгаас 450 мянган фунтэд хүрнэ хэмээн тооцож байсан байна. Тус хайрцагт нийтдээ 24 шил “Sun flower Moutai” архи байгаа бөгөөд нэг шил архины үнийг тооцвол 376 мянган юань /167 сая төгрөг/ хүрч байгаа юм.

Дээрх мэдээлэл цацагдсанаас хойш интернэт хэрэглэгчдээс “нэг шил архи нь 376 мянган юань, тэгэхээр 1 мл архины үнэ нь 752 юань болж байна” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ.  

Холбоотой мэдээ