Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-09-17 16:18:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Байнгын хорооны дарга Б.Баттөмөр сайн хөршийн харилцаа, хоёр улс хоорондын худалдааг хөгжүүлэхэд Элчин сайдын оруулж буй үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, энэ оны долоодугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж, батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд хүргэхэд чухал түлхэц үзүүлсэн гэдгийг онцлов. Хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Байнгын хороод, Найрамдлын бүлэг болон Тамгын газар хооронд харилцан туршлага солилцох ажлыг тогтмолжуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нь эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.


Элчин сайд Цай Вэньруй хоёр орны хамтын ажиллагаа, найрсаг харилцаа КОВИД-19 цар тахлын үед ч хэвийн үргэлжлэн төрийн өндөр, дээд хэмжээний цахим уулзалтууд тогтмол зохион байгуулж байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, хоёр улсын парламентын харилцааг бэхжүүлэхэд БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаас чухал ач холбогдол өгдөг хэмээгээд цаашдын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ