Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

ЕРЕВАН, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /Дойче Велле/. Арменийн нутагт 1992 оноос хойш байрлаж байсан Оросын хилчид тус улсын нутгаас бүрэн гарсан болохыг Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян засгийн газрын хуралдааны дараа болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.
“Өнгөрсөн он жилүүдэд манай хилийг хамгаалж байсан Оросын хилчдэд талархаж байна. Ойрын жилүүдэд бид өөрсдөө улсынхаа хилийн хамгаалалтыг бүрэн хариуцахаар боллоо” гэж тэрбээр онцолжээ.
“Армени, Орос хоёр бол бүрэн эрхт улсууд билээ. Бидний бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол бол улс төрийн бодлогоо тодорхойлох үеийн биеэ даасан хараат бус байдалтай адил чухал зүйл юм” гэж Пашинян хэлээд Армени улс Европын Холбоонд элсэх тухай хуулийг цуцлах боломжгүй гэдгийг дурдлаа.
Москвад айлчлахаасаа долоо хоногийн өмнө тэрбээр хэлэхдээ “шийдлийг олох боломжгүй нөхцөл байдал үүснэ гэж би бодохгүй байна. Орос улсад хор хохирол учруулах гэсэн хүсэл зорилго бидэнд байгаагүй, одоо ч байхгүй, цаашид бий болохгүй гэдгийг давтан хэлье. Бид Оросоос мөн адил зүйлийг хүсэн хүлээж байна” гэсэн юм.
Оросын хилчид 1992 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу Армени улсын Турк ба Ирантай залгаа хилийг хамгаалж байв. Хилчдийг 2024 оноос эхлэн аажмаар гаргаж эхэлсэн бөгөөд тэдний оронд Арменийн хилчид ажиллаж байна. Үүний дараа Азербайжантай залгаа хилээс, мөн нийслэл Ереван хотын “Зварноц” нисэх онгоцны буудлаас Оросын хилчдийг гаргажээ.
Хамгийн сүүлд Турк, Ирантай залгаа хилийн бүсэд Армени, Оросын хилчид хамтран эргүүл хийж байв.