Э.Амартүвшин: Мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлд Эрдэнэтэд маш том орон зай бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-12-07 19:48:27
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.ERDENET 24төслийн санаачлагч, ERDENET 24 апликейшн хөгжүүлэгч Э.Амартүвшинтэй ярилцлаа.


-Эрдэнэт 24 төсөл гэхээр бид юуг мэдэх ёстой вэ?

-"Эрдэнэт 24" төсөл нь мэдээллийн технологи, финтек буюу гар утсан дээр суурилсан зээлийн үйлчилгээ, хиймэл оюун ухаан зэрэг салбаруудад тодорхой ажлуудыг хийдэг. Үүнийг Эрдэнэт хотод төрж өссөн Эрдэнэтийн унаган залуучууд нэгдэж хийж байгаагаараа онцлог юм. Манай төслийн зорилго нь дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын төдийгүй нийслэл Улаанбаатар хотод өдөр тутмын хэрэгцээ болтлоо хөгжсөн цахим үйлчилгээ, цахим худалдаа, шинэ соёлыг Эрдэнэт хотдоо бий болгох, дэлгэрүүлэхэд чиглэж байгаа юм.

-АПП хөгжүүлэгч багийн гишүүдээ танилцуулаач?

-Төслийн багт би, мөн БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуулийн программ хангамжийн магистр Б.Түвшинбаяр, Монголын анхны хиймэл дагуул Мазаалай хиймэл дагуулыг хөөргөсөн багийн ахлагч доктор Д.Эрдэнэбаатар, Zeely.mn, Zeely аппликейшнийг үүсгэн байгуулагч А.Хосгариг, мөн эдийн засаг, нягтлан бодогчийн чиглэлийн ажилтан М.Эрдэнэжаргал гэсэн гишүүд байгаа. Бид технологийн дэвшилд суурилсан цахим үйлчилгээ, цахим соёлыг бий болгох зорилгоор нэгдсэн. Миний бие 2016 онд НӨАТ-ын еbarimt систем анх үүсч байхад цахим гурвалжин гээд ebarimt системд холбогдсон программын хөгжүүлэлтэд ажиллаж байсан. Цахим гурвалжин программ нь Гааль татварын ерөнхий газраас систем нийлүүлэх эрхийг авсан орон нутаг дахь анхны компани байсан.

-Энэ төсөл хэрэгжсэнээр Эрдэнэт хотод ямар давуу тал бий болох вэ?

-"Эрдэнэт 24" төслийн хүрээнд үндсэн 4 ажлыг хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, Эрдэнэт хотын лавлах систем, хоёрдугаарт, хүргэлтийн үйлчилгээ буюу хүнс, эм, хоол хүргэлтийн үйлчилгээ, гуравдугаарт, ложистикийн систем, дөрөвдүгээрт, ажил олгогч ажилтныг холбох гэсэн дөрвөн системээр Эрдэнэт 24 вэб сайт, Эрдэнэт 24 аппликейшнийг хөгжүүлээд ажиллаж байна. Эдгээр функцуудыг гадны өндөр хөгжилтэй орнуудад түгээмэл ашигладаг. Жишээ нь би маш сайн обой нааж чаддаг байлаа гэхэд нөгөө талд нэг хүнд гэртээ обой наалгах хэрэгцээ байна гэж бодъё, тэгэхээр би Эрдэнэт хотод байдаг обой наадаг бүх хүмүүсийн мэдээллийг нэг дороос харах боломжтой. Тэгээд обой наадаг хүн нөгөө айлдаа очоод обойгоо хэр зэрэг нааснаар нь үнэлгээ өгнө, энэ үнэлгээ нь эргээд программ хангамж дээрээ тухайн хүнийг ямар чадвартай вэ гэдгийг хэрэглэгчдэд илтгэх функц болно.

-Ирээдүйн зорилгоо хэр өргөн хүрээтэй харж байна вэ?

-Хүргэлтийн системийн ач холбогдол нь хүмүүсийн цаг завыг хэмнэх юм. Энгийн үед хүмүүс дэлгүүр, зах, худалдааны төв рүү ороод бүх тасаг нэгжээр нь яваад хүнсээ цуглуулахад доод тал нь нэг цаг болно. Тэгээд тор дүүрэн цуглуулсан зүйлээ аваад гэртээ харих гээд маш олон үйлдлийг дамждаг. Нэг өрх жилд хүнс цуглуулахдаа дунджаар 80 орчим цагийг зарцуулдаг юм байна. Манай системийн хувьд та гэрээсээ хүнсээ захиалаад гэрийнхээ үүднээс авах боломжтой болно гэсэн үг.  

Зах зээлийн хувьд Эрдэнэтэд маш том орон зай байгаа. Эрдэнэт 100 мянган хүн амтай. Тэгэхээр бидэнд 100 мянган хэрэглэгч байгаа. Хэрэглэгчдийг бэлдэнэ гэдэг бидний үүрэг. Хэрвээ бэлдэж чадах юм бол бидэнд Улаанбаатар луу орсноос их боломж Эрдэнэтэд байгаа. Үүнийг хөрөнгө оруулагчид олж хараасай, бидний харж байгааг олж хараасай гэж хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа.  

 

 

Холбоотой мэдээ