Ачаалж байна…
Ачаалж байна…
Myagmarsuren Byambajaw

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын авто машины парк шинэчлэлийн хүрээнд алслагдсан сумдын иргэдэд эмнэлгийн тусламжийг шуурхай хүргэх зориулалттай, туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашиныг таван сумын эрүүл мэндийн төвд олгожээ.
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайдын 11 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд 21 аймагт ажилласан. Тэрбээр Завхан аймагт ажиллах үеэрээ аймаг, сумдад тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцаж, холбогдох саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан, шаардлагатай шийдвэрүүдийг гаргуулсан юм.
Энэ хүрээнд Сантмаргаз, Их-Уул, Түдэвтэй, Ургамал, Цагаанхайрхан сумын эрүүл мэндийн төв эмнэлгийн тоног төхөөрөмж, Starlink хиймэл дагуулын интернэт төхөөрөмжөөр тоноглосон шинэ автомашин хүлээн авсан байна. Автомашинуудыг Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Мөнх-Оргил хүлээлгэн өгч, эмч, эмнэлгийн ажилтнуудад ажлын амжилт хүслээ.
Шинэ авто машинууд нь цас, зуд, зам давааны хүндрэлтэй үед алслагдсан малчин өрх, иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж хүргэх, өвчтөн тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн Starlink төхөөрөмж нь үүрэн холбооны сүлжээгүй бүсэд интернэтэд холбогдож, эмнэлгийн ажилтнууд төв эмнэлэг болон мэргэжлийн эмч нартай мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлнэ.
Завхан аймгийн хувьд авто машины парк шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, 2024 онд Баянтэс, Дөрвөлжин, Их-Уул, 2025 онд Нөмрөг, Сонгино, Тэлмэн, 2026 онд Асгат, Цагаанчулуут, Завханмандал, Сантмаргаз, Түдэвтэй, Ургамал, Цагаанхайрхан сумын эрүүл мэндийн төвийг авто машинаар хангасан байна.
Ингэснээр алслагдсан сумдын иргэдэд яаралтай тусламжийг шуурхай хүргэх нөхцөл сайжирч байгаа бөгөөд ашиглалтын хугацаа дууссан, цаашид ашиглах боломжгүй машинуудыг үе шаттай шинэчлэх ажлыг үргэлжлүүлж байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах” хөтөлбөрийн хоёрдугаар шатанд улсын хэмжээнд туулах чадвар сайтай, эмнэлгийн тоног төхөөрөмж болон Starlink төхөөрөмжөөр тоноглосон 80 авто машин нийлүүлж буй юм.
2025 оны судалгаагаар 21 аймгийн 104 сумын эрүүл мэндийн төвд ийм төрлийн түргэн тусламжийн авто машины хэрэгцээ байгааг тогтоожээ.