Баянтээг нүүрсний уурхайд цахилгаан станц байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-04-12 14:57:07

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Баянтээг” ОНӨХК 2021 онд 800.0 м3 талбайд хөрс хуулалт хийж, 233.5 мянган тонн нүүрс олборлон борлуулж, 8.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн, 1 тэрбум 830 сая төгрөгийн ашигтай ажиллажээ.

Хэдийгээр цар тахлын халдварт өвчлөлд байгууллагаараа өртсөн, үүний зэрэгцээ хөрс хуулалтын улиралд бороо ус ихтэй, хүндхэн цаг үе таарсан ч зохион байгуулалтын сайн арга хэмжээ авч ажилласны үр дүнд төлөвлөгөөгөө 100-гаас дээш хувиар биелүүлсэн гэдгийг гүйцэтгэх захирал Н.Данзан хэлэв.

Энэ жил бензин шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор хөрс хуулалтын зардалтай уялдуулан нэг тонн нүүрсийг 29 мянгаас 38 мянга болгосон байна. Тус компани 17 аймагт борлуулалт хийж байгаа аж.

Мөн Засгийн газрын үйл ажиллагаанд тусгагдсаны дагуу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах 40 мВт-ын цахилгаан станцыг тус уурхайд байгуулахаар ТЭЗҮ-ийг боловсруулаад байна.

“Баянтээг” ОНӨХК-ийн 2021 оны үйл ажиллагааны тайланг аймгийн ИТХ-аар хэлэлцэн өр авлага, техник төхөөрөмж, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажил үйлчилгээ, хайгуул олборлолтын талаар төлөөлөгчид саналаа хэлж, тодорхой үүрэг чиглэл өглөө. 



Холбоотой мэдээ