Австралийн Ерөнхий сайдаар сонгогдсон Э.Альбанезе тангараг өргөлөө

ДЭЛХИЙД | Улс төр
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-23 14:43:42

КАНБЕРРА. /ABC/. Австралийн 31 дэх Ерөнхий сайдаар Хөдөлмөрийн намын дарга Энтони Альбанезе сонгогдож өнөөдөр тангаргаа өргөлөө.


Тэрбээр тангараг өргөх ёслолын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “энэ бол улс орны хувьд чухал өдөр, Засгийн газрыг өөрчлөх цаг нь болсон” гэжээ.


Хэдийгээр санал хураалтын явц бүрэн гүйцэд дуусаагүй, Засгийн газрын бүрэлдэхүүнийг эцэслэн шийдээгүй байгаа ч Э.Альбанезе мягмар гарагт Токиод болох “аюулгүй байдлын дөрвөн талт хэлэлцээ”-нд оролцохоор ийнхүү тангаргаа өргөв.


Тэрбээр ням гаргийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдентай ярилцсан гэдгээ хэлээд Япон болон Энэтхэгийн удирдагчидтай уулзахыг тэсэн ядан хүлээж байна гэжээ.


Австралийн парламентын сонгууль бямба гарагт зохион байгуулагдаж Э.Альбанезийн тэргүүлдэг Хөдөлмөрийн нам С.Моррисоны Либерал-Үндэсний эвслийг ялсан. Хөдөлмөрийн нам 2013 оноос хойш анх удаа засгийн эрхийг барьж байгаа нь энэ юм.    


Хөдөлмөрийн нам Төлөөлөгчдийн танхимын 151 суудлын 72-оос доошгүй суудал авсан бол эрх баригч эвсэл ердөө 52 суудал авсан байна. Харин бие даагчид болон гуравдагч хүчнийхэн 15 орчим суудал авчээ.


Австралийн парламентын сонгууль гурван жил тутамд зохион байгуулагддаг ба энэ удаагийн сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын 151 суудлыг бүгдийг нь, сенатын 76 суудлын 40-ийг дахин сонгосон.


Улмаар Төлөөлөгчдийн танхимд 76-гаас доошгүй суудал авсан нам, эвсэл засаглаж, дарга нь Ерөнхий сайд болдог.  

Холбоотой мэдээ