Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Бичил биетний эсрэг эм, бэлдмэлийн тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэх дэлхийн 7 хоногийг энэ сарын 18-24-нд “Нэг эрүүл мэнд, нэг үйлдэл: Бичил биетний эсрэг эм, бэлдмэлийн тэсвэржилтээс одоо сэргийлье” уриан дор тэмдэглэж байна.
Аяныг ЭМЯ, ХХААХҮЯ, БОУАӨЯ хамтран ДЭМБ, НҮБ-ын ХХААБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.
Бичил биетний эсрэг эм, бэлдмэлийн тэсвэржилт нь нян, вирус, мөөгөнцөр, шимэгч хорхой зэрэг бичил биет нь эм, бэлдмэлийн үйлчлэлд тэсвэртэй болж, халдварт өвчнийг эмчлэхэд эмчилгээний үр нөлөө саарах, үйлчлэхээ болих нөхцөл үүсгэдэг нь тулгамдсан асуудал юм.
Зөвхөн хүний эрүүл мэндээр хязгаарлагдахгүй, мал, амьтан, ургамал, хүрээлэн буй орчны эрүүл мэндтэй салшгүй холбоотой. “Нэг эрүүл мэнд” зарчмын хүрээнд хүний эрүүл мэнд, мал, амьтны эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбар хамтран ажиллаж, бичил биетний эсрэг эм, бэлдмэлийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, тэсвэржилтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай байгааг БОУАӨЯ мэдээлэв.
Энэ хүрээнд 11 дүгээр сарын 23-ны өдөр салбар хоорондын ажлын хэсэг, хүн, мал, амьтны эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлон, боловсруулах ажээ.