Японы Ерөнхий сайд асан амиа алдсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-08-08 12:00:20

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо баруун нутгийн Нара хотод сонгуулийн кампанит ажлын үеэр үг хэлж байхдаа бууны суманд өртөн амиа алдсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрч байна.


Мөрдөн байцаах албаны эх сурвалжуудын мэдээлснээр, цагдаа нар хэргийн газраас олдсон гар хийцийн буу болон сэжигтний гэрээс олсон буунуудын бүтцийг нарийвчлан шинжлэх бөгөөд тэдгээр зэвсэг нь аминд халтай эсэхийг тогтоохын тулд туршилтын журмаар гал нээж үзэх юм байна.


Цагдаа нар Нара хотын 41 настай оршин суугч Ямагами Тэцүяаг хэргийн газраас баривчилсан. Түүнийг хүний амь насыг хохироосон хэргээр мөрдөн шалгаж байгаа юм. Одоогоор сэжигтэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой эсэхийг тогтоохын тулд сэтгэцийн үзлэг хийж байна.


Цагдаа нар хэргийн үеэр ашигласан гар хийцийн бууг хураан авсан талаараа урьд нь мэдээлснээс гадна сэжигтний гэрээс төстэй бүтэц бүхий гар хийцийн дор хаяж таван бууг хураажээ. Үүнтэй холбоотойгоор цагдаа нар Галт зэвсэг, мэсний хяналтын тухай хууль, Зэвсгийн үйлдвэрлэлийн тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн шалгахаар төлөвлөж байна.


Үүнээс гадна Нара хотод долоодугаар сарын 10-15-ны хооронд буюу уг хэрэг гарсны дараа сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой шалтгаанаар зөвлөгөө хүссэн 104 дуудлага ирсэн талаар хотын холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. Тэдний зарим нь хэргийн талаар телевизээр үзсэний дараа бие нь тавгүйрхсэн гэж хэлсэн бол зарим нь байнга зорчин өнгөрдөг газрынх нь орчимд хэрэг гарсанд цочирдсон гэсэн байна. 


Хотын эрх баригчид мөн энэ сарын эхнээс эхлэн цахимаар зөвлөгөө өгөх үйлчилгээг нэвтрүүлжээ. 

Холбоотой мэдээ